Пост квант криптографын одоогийн нөхцөл байдал.
Стандарчлал ба чиг хандлага
- Зохиогч:
- @Head
- Нийтэлсэн:

Яагаад одоо чухал вэ
- Пост-квант криптограф (PQC) бол квант компьютерын довтолгоонд тэсвэртэй нийтийн түлхүүрийн алгоритмууд юм. 2026 онд энэ чиглэл судалгааны шатнаас бодит хэрэгжилтийн шат руу бүрэн шилжээд байна. интернэт, банк, төрийн системд өргөн ашиглагдаж буй RSA болон эллиптик муруйн криптограф (ECC) нь квант компьютероор Shor-ын алгоритмын тусламжтэй эвдэгдэх эрсдэлтэй. Ийм компьютер хэзээ бий болох нь тодорхойгүй ч "одоо цуглуулж, дараа нь тайлах" (harvest now, decrypt later) аюул аль хэдийн бодит болсон. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шифрлэгдэн дамжиж буй өгөгдлийг хадгалж аваад ирээдүйд тайлах боломжтой. Тиймээс урт хугацаанд нууц байх ёстой мэдээлэл (эрүүл мэнд, санхүү, төрийн нууц, хувийн өгөгдөл) хамгаалдаг байгууллагууд шилжилтээ одооноос эхлүүлэх шаардлагатай байна.
- Эцэслэгдсэн гурван стандарт
АНУ-ын Стандарт, технологийн үндэсний хүрээлэн (NIST) 2024 оны 8-р сарын 13-нд анхны гурван пост-квант стандартаа эцэслэн гаргасан ба тэдгээрийг шууд ашиглахад бэлэн гэж зарласан (NIST). Энэ нь 2016 онд эхэлсэн, 25 орны 82 алгоритмыг үнэлсэн найман жилийн процессын үр дүн юм.
- FIPS 203 — ML-KEM (хуучин нэр: CRYSTALS-Kyber). Түлхүүр солилцоо, ерөнхий шифрлэлтийн үндсэн сонголт. Математик суурь нь модуль латтис.
- FIPS 204 — ML-DSA (хуучин нэр: CRYSTALS-Dilithium). Тоон гарын үсгийн үндсэн сонголт. Математик суурь нь модуль латтис.
- FIPS 205 — SLH-DSA (хуучин нэр: SPHINCS+). Тоон гарын үсэг, ML-DSA-ийн нөөц. Математик суурь нь хэш функц.
NIST-ийн PQC төслийн дарга Дастин Муди ирээдүйн стандартыг хүлээх шаардлагагүй, эдгээр гурвыг одооноос нэвтрүүлж эхлэхийг уриалсан. Бүрэн шилжилтэд олон жил шаардагдах учир эрт эхлэх нь чухал гэж тэрээр онцолсон.
Удахгүй нэмэгдэх хоёр стандарт
Эцэслэгдсэн гурван стандартын дараа NIST дахин хоёр алгоритмыг стандартчилж байгаа. Хоёулаа одоогоор тестийн шатандаа явж байна.
FN-DSA (FIPS 206, Falcon дээр суурилсан). NIST-ийн стандартчиллын албан ёсны хуудсанд 2026 оны 8-р сарын байдлаар FIPS 206-ийг "боловсруулагдаж буй" гэж тэмдэглэсэн хэвээр байна (NIST CSRC). 2025 оны 8-р сарын 28-нд батлуулахаар илгээсэн бөгөөд эцсийн хувилбар 2026 оны сүүл эсвэл 2027 оны эхээр гарах төлөвтэй (Encryption Consulting). FN-DSA нь NIST-ийн гарын үсгийн стандартуудаас хамгийн жижиг гарын үсэг, нийтийн түлхүүртэй.
HQC (код онол дээр суурилсан KEM). NIST 2025 оны 3-р сарын 11-нд HQC-г ML-KEM-ийн нөөц алгоритмаар сонгосон. Энэ нь дөрөвдүгээр шатнаас стандартчлагдах цорын ганц алгоритм юм (NIST). HQC нь латтисаас огт өөр математик таамаглал дээр тулгуурладаг тул ML-KEM-д ирээдүйд сул тал илэрвэл хоёр дахь хамгаалалтын нөөц болно.
Гарын үсгийн нэмэлт сонгон шалгаруулалт: гуравдугаар шат
NIST 2026 оны 5-р сарын 14-нд 18 сарын үнэлгээний дараа есөн гарын үсгийн схемийг гуравдугаар шатанд шалгаруулсан (NIST CSRC, NIST IR 8610). Энэ процесс нь латтисаас өөр математик суурьтай, эсвэл илүү жижиг гарын үсэг, хурдан баталгаажуулалттай схемүүдийг олох зорилготой. Учир нь одоогийн ML-DSA болон FN-DSA хоёулаа латтис дээр суурилсан. Гуравдугаар шат ойролцоогоор хоёр жил үргэлжилнэ. NIST дараагийн буюу 7 дахь PQC стандартчиллын бага хурлыг 2027 оны хавар эсвэл зуны эхээр зохион байгуулахаар төлөвлөсөн.Шилжилтийн хуваарь ба бодит хэрэгжилт
NIST 2024 оны 11-р сард нийтэлсэн IR 8547 тайландаа квант халдлагад өртөмтгий нийтийн түлхүүрийн алгоритмуудыг хоёр үе шаттай халахыг санал болгосон (Encryption Consulting). Энэ саналын дагуу RSA, ECDSA, ECDH болон finite-field DH нь 2030 оноос хойш deprecated буюу хэрэглэхийг зөвлөдөггүй болж, 2035 оноос хойш бүрэн хориглогдоно. Харин сонгодог алгоритмыг пост-квант алгоритмтай хослуулсан hybrid горимыг шилжилтийн хугацаанд зөвшөөрнө. Интернэтийн түвшинд шилжилт хурдацтай явж байна. Cloudflare-ийн мэдээллээр 2024 оны эхэнд 3%-иас бага байсан пост-квант шифрлэлтийн хувь 2026 оны 2-р сард 60%-иас давсан (Cloudflare). Одоогоор Cloudflare-ийн сүлжээнд хүрч буй хөтчийн траффикийн ойролцоогоор 70% нь hybrid ML-KEM-ээр хамгаалагдаж байна (Cloudflare). TLS 1.3-т X25519MLKEM768 нь пост-квант шифрлэлтийн цорын ганц зөвлөмжит түлхүүр солилцооны бүлэг бөгөөд Chrome, Edge, Firefox-ийн шинэ хувилбарууд үүнийг автоматаар ашигладаг.
Гэвч байгууллагын түвшинд, ялангуяа сертификат ба тоон гарын үсгийн хувьд шилжилт удаан байна. DigiCert-ийн 2026 оны судалгаагаар байгууллагуудын 87% нь PQC санаачилгаа төлөвлөж, туршиж эсвэл хэрэгжүүлж байгаа ч ихэнх сертификатдаа квант-аюулгүй эсвэл hybrid криптограф нэвтрүүлсэн нь ердөө 7% байна (Encryption Consulting).
Байгууллагууд одоо юу хийх хэрэгтэй бэ
Шилжилтийг алгоритм солих нэг удаагийн ажил бус, хэдэн жилийн хөтөлбөр гэж харах хэрэгтэй.
- Криптографын бүртгэл гаргах. Систем бүрт RSA, ECC хаана ашиглагдаж байгааг (TLS, VPN, PKI, гарын үсэг, хадгалсан өгөгдөл) тодорхойлох.
- Эрсдэлээр эрэмбэлэх. Урт хугацаанд нууц байх ёстой өгөгдөл болон "одоо цуглуулж, дараа нь тайлах" аюулд өртөмтгий урсгалыг эхэнд нь тавих.
- Түлхүүр солилцоог hybrid горимд шилжүүлэх. TLS 1.3 болон X25519MLKEM768-ийг дэмждэг сан, серверүүд рүү шинэчлэх.
- Crypto-agility бий болгох. Алгоритмыг кодыг дахин бичилгүйгээр солих боломжтой архитектур хэрэгжүүлэх, учир нь FN-DSA, HQC, шинэ гарын үсгийн схемүүд ирэх жилүүдэд нэмэгдэнэ.
- Нийлүүлэгчдээс шаардах. HSM, PKI, сүлжээний тоног төхөөрөмжийн нийлүүлэгчдээс PQC дэмжлэгийн төлөвлөгөөг асуух.
NIST Releases First 3 Finalized Post-Quantum Encryption Standards
FIPS 203 (ML-KEM), FIPS 204 (ML-DSA), FIPS 205 (SLH-DSA)
NIST Selects HQC as Fifth Algorithm for Post-Quantum Encryption
Энэ нийтлэл танд таалагдсан уу?
Холбоотой нийтлэлүүд
Квантын дараахШифрлэлтийн ирээдүй: квант компьютерийн эринд
Квант компьютерийн эрин үед бидний хэрэглэдэг шифрлэлтийн аргачлал хэрхэн өөрчлөгдөх вэ? Шинэ стандарт, боломжууд болон сорилтуудыг шинжлэв.
Квантын дараахNIST-ийн шинэ стандартууд: бид бэлэн үү?
ML-KEM, ML-DSA, SLH-DSA зэрэг шинэ стандартуудын ач холбогдол болон нэвтрүүлэх сорилтууд.