Эмэгтэйчүүд кибер аюулгүй байдлыг хангах орон зайд хаана явна вэ?

           Кибер аюулгүй байдлыг хангах фронтод эрчүүд хэзээнээсээ давамгайлж ирсэн ч энэ орон зайд эмэгтэйчүүдийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, байгууллагууд ч эмэгтэйчүүдийг авч ажиллуулах сонирхолтой болж байгаа талаар олон улсад яригдах болов. Харин эмэгтэй мэргэжилтнүүд энэ салбарын ажиллах хүчний ердөө 11 хувийг эзлэж байна гэж Кибер аюулгүй байдал, боловсролын төв (Central for Cyber safety and Education-(ISC)2), Эмэгтэйчүүдийн оролцоо форум (Executive Women’s forum)-аас хийсэн “Дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын ажиллах хүчний судалгаа-2017” нэртэй судалгаанд дурдсан байна. АНУ-ын нийт ажиллах хүчний 48 хувийг эмэгтэйчүүд эзлэх бөгөөд эдгээрийн 14 хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна гэдэг нь дэлхий дээр хамгийн өндөр үзүүлэлттэй орны тоонд орж байгаа юм. Одоогоор АНУ – д нийт 700 мянган кибер аюулгүй байдлыг хангахтай холбогдсон ажлын байр , 290 мянган орон тоо нь сул байгаа ажлын байр байна. Энэ тоо 2021 он гэхэд 3.5 сая болж өснө гэсэн байна. Судалгаанаас харахад технологийн ертөнцийн ажлын байрны ¾ -ийг эрэгтэй албан хаагчид хашиж байна гэсэн үг юм.

Кибер аюулгүй байдлыг хангах эмэгтэй ажиллах хүчний тоо хэмжээ (дэлхийн хэмжээнд)

Хойд Америк дахь орнууд -14 хувь

Ази номхон далайн орнууд- 10 хувь

Африк – 9 хувь

Латин Америк – 8 хувь

Европ – 7 хувь

Ойрх Дорнод – 5 хувь

Эх сурвалж : Дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын ажиллах хүчний судалгаа -2017

Michell Steward, CISO, RentPath LLC

Судалгаанд дурьдсанаар 2022 он гэхэд дэлхийн улс орнууд нийт 1.8 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэний хомсдолд орно. Одоогийн нөхцөл байдал, цаашид энэ чиглэлээр бэлтгэгдэж буй мэргэжилтэний тоонд анализ хийж үзэхэд дээрх  тоо хэмжээнд хүрэхгүй тул ажиллах хүчний хомсдол нь кибер аюулгүй байдлыг хангах асуудалд үүсч буй хамгийн том цоорхой болно хэмээн  Үндэсний технологи, аюулгүй байдлын хороо (National Technology, Security Coalition)-ны гүйцэтгэх захирал Патрик Гаул хэлсэн байна. Мөн тус судалгаанд эмэгтэйчүүд бол шийдлийн нэг хэсэг, эмэгтэйчүүдийн хүч, оролцоо, идэвхи санаачлага уг нүхийг багасгахад их хувь нэмэр оруулна гэдгийг онцолжээ. Компаниуд  ч үүссэн, үүсэж болох энэ нөхцөл байдлыг харгалзан өөр өөрийн бодлого зохион байгуулалтыг одооноос бүрдүүлж эмэгтэйчүүдийг ажиллуулах, хөгжих боломжийг олгох нь зүйтэй гэжээ. Энэ талаар АНУ-ын Magellan Health (1969 онд байгуулагдсан, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээнд тулгуурласан бизнес эрхлэгч компани) компаний дата шинжээч Жули Талбот-Хабард болон Мишэл Стевард (Elavon Inc, RentPath LLC–ын мэдээллийн аюулгүй байдлын ахлах офицер: Chef Information Security Officer – CISO) нар “Ихэнхи компаниуд мэдээллийн аюулгүй байдлын удирдлага зохион байгуулалтын албан тушаалыг төрөлжүүлж эрэгтэй, эмэгтэй аль аль ажилтан байлгахыг хүсэж, эрэл хайгуул хийдэг болсон нь илт мэдэгдэх болсон. Би өөрөө мэдээлэл технологийн салбарт 25 жил ажиллахдаа сүүлийн жилүүдэд урьд өмнө анзаарагдаж байгаагүй ахиц дэвшил, эмэгтэйчүүдийг үнэлж буй тохиолдлуудтай олон таарч байна. Хамгийн гол нь эмэгтэйчүүд энэ салбарт өөрсдөө дур сонирхолтойгоор орж ирж хүчээ өргөх нь чухал байна.” хэмээжээ.

Үндэсний технологи, аюулгүй байдлын хороо, (ISC)2 байгууллагууд нь CISO-ууд болон мэдээллийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан өмгөөлөл явуулдаг хуулийн этгээд гэхэд болно. Энэ 2 байгууллага эмэгтэйчүүдийг кибер аюулгүй байдлыг хангах ажилтан, технологийн мэргэжилтэн зэрэг ажлын байранд тэнцэх чанартай хүний нөөц (ажиллах хүчээр хангах) болоход чиглэсэн мэргэжлээр (STEM- Science, Technology, Engineering,Mathematics) бэлтгэхэд туслалцаа үзүүлэх, бэлтгэх зорилготой. Эдгээр байгууллагууд “Бид мэргэжилтэн шаардлагатай байгаа орон зайг дүүргэх хэмжээний хүүхдүүдийг STEM-ээр төгсгөхгүй бөгөөд энэ нь нэг үндэстний мэдлээс давсан асуудал” гэж үздэг хэдий ч далайд дусал нэмэр гэдгээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах болно хэмээсэн байна.

“Миний харж буйгаар охидыг дунд сургуульд байхаас нь эхлэн технологид дур сонирхолтой болгох, энэ салбарын хязгааргүй их боломжийг олж хардаг болоход нь туслах учиртай.” гэж Delta Air Line Inc. –  компаны мэдээллийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн (CISO) Дэброн Вийлэр хэлсэн байна. Програм бичиж сургах хичээлийн дараах хөтөлбөрт хамрагдсан эмэгтэй скаутууд кибер аюулгүй байдлыг хангах чадамжийн тэмдэгтэй төгсөх тул энэ нь маш олон охидыг технологид сонирхолтой болгоход түлхэц болох аж. Түүнчлэн Вийлэр Цинциннатид (Охайо мужийн нэг хот) эмэгтэй оюутнуудыг их сургуулийн 1 дүгээр дамжаанаас эхлэн 4 дүгээр дамжаа хүртэл технологийн чиглэлээр тасралтгүй сурч төгсөхөд анхаарах бүлэг хүртэл байгуулсан байна. Детройт хотод байхдаа тэрээр коллежийн энэ чиглэлээр ажилдаг бүлэгт эмэгтэй оюутнуудыг мэдээллийн технологийн зэрэг авахад туслалцаа үзүүлэх сайн дурын зөвлөх хийж байсан байна. Magellan Health компани  “Технологид эмэгтэйчүүд” нэртэй төсөл санаачлага эхлүүлээд байгаа бөгөөд энэ нь сургалт, зөвлөгөө, ярилцлага, STEM –ыг сурталчлах зэрэг олон төрлийн үйл ажиллагааг агуулна. Эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсээс илүү ажилдаа өөр арга барилыг ашиглаж, тэсвэр хатуужилтай байдаг нь тогтоогдсон. “Миний бодлоор байгууллагууд дан ганц эрэгтэй мэргэжилтнүүд гэлгүй аль болох 2 талыг барьсан бодлогод анхаарлаа хандуулж үр дүнтэй, уялдаа холбоо сайтай, харилцааны болоод аналитик чадамж өндөртэй эмэгтэйчүүдийг ажилтнаар авах хэрэгтэй.” гэж Талбот-Хабард хэлжээ.

Эмэгтэйчүүд бид энэ салбарын өрсөлдөөнийг хөвгүүдийн тоглоом гэж хардаг тул тоглогч болж чадна гэдгээ ухаарах гэж их уддаг хэмээн 25 жил мэдээллийн технологийн салбарт ажилласны сүүлийн 5 жилд инженерчлэлийн чиглэлээр  ажилласан Стевард хэлсэн юм. Тэрээр мөн “Би эрчүүдийн нэг биш учраас өдрийн хоол идэх, пиво уух, ажлын дараа гольф тоглох зэрэгт ихэвчлэн уригддаггүй байсан. Гэхдээ энэ харилцаа, заагийн хязгаарыг давсанаар маш их боломжийг олж авахын зэрэгцээ тэдгээр залуусын нэг мэт их хугацааг өнгөрүүлжээ.” гэжээ. Өөр нэг эмэгтэй CISO эрчүүд давамгайлсан энэ талбарт эмэгтэй хүн удирдагч түвшинд байна гэдэг үргэлж хүнд, хэцүү сорилт, шийдвэрийг давах хэрэгтэй болдог хэмээсэн байна. Удирдлага өөрчлөлтийг авчрахын тулд та тодорхой харилцаа холбоо, тэнцвэртэй байдлыг бий болгох, багийн ажиллагаа, үр дүнг урьдчилан тооцоолох чадамжтай байх ёстой. Өөртөө итгэлтэй, эрс шийдэмгий байна гэдэг хамгийн чухал хэмээн Талбот-Хобард үзэж байна. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт эмэгтэйчүүдийг бэлдэх, анхаарлыг татахын тулд компаниуд эмэгтэйчүүдийг зөвлөх, хамтран ажиллагчидтай холбох манлайлалын хөтөлбөрийг ч олноор бий болгож байна. Эрэгтэй эмэгтэй зөвлөхүүд маань зэрэгцэн сууж надад цаашдын ололт амжилт, сурч боловсрох тал дээр зөвлөгөө өгөх өдөр ойртож буйд би итгэдэг гэж Вийлэр хэлсэн байна. Кибер аюул занал, халдлага дээд зэргээр чанаржихын хажуугаар байгууллагууд өөрийн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг хамгаалах хүчин чармайлт, арга хэмжээнүүдийг идэвхтэй авч буй энэ тэмцэлд мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтны хангалт, бэлтгэл маш чухал. Ялангуяа энэ үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал. Хүйсийн тэгш эрх, ажлын байрны онцлог зэргийг ярихаас илүүтэй дэлхий дээрх нийт ажиллах хүчний тэн хагас болсон эмэгтэйчүүдийг мэдээллийн технологийн салбар яалтчгүй шаардах болсоныг дээр дурьдсан тоо баримт ч харуулж буй юм.

 Элисон Энн Вилиамс бол математикийн ухааны доктор зэрэгтэй эмэгтэй бөгөөд өөрийн толгойлж буй компанийг (Enveil, a Fulton, Md., data security company) олны танил болгож чадсан туршлагатай, ухаалаг нэгэн юм. Тэрээр эмэгтэйчүүд төдий л сонирхож, өндөр албан тушаал хашдаггүй энэ салбарт бизнес эрхлэхэд өөрт нь тохиолддог явдлууд санааг нь ямар их зовоодог тухай сэтгэгдлээ хуваалцжээ. Элисон “Намайг хамтрагчдаа дагуулан өрөөнд ороход тэнд байсан ямар ч эрэгтэй хүн түр зуурын газалтанд орж улмаар амнаас нь гарах эхний өгүүлбэр “Та нар чинь эмэгтэй хүмүүс юм уу?”гэхэд нь би “ тиймээ бид эмэгтэйчүүд, та ямар хүмүүс байна гэж төсөөлсөн юм бэ?” гэж хариулдаг” хэмээсэн юм. Үнэхээр ч эвэртэй туулай үзсэн мэт сэтгэгдэл үлдээхээр цөөн тооны эмэгтэйчүүд кибер аюулгүй байдлын чиглэлд ажиллаж буй нь үнэн боловч хувьсал, хувьсгалын аль аль нь явагдаж буй энэ цаг үед хүн төрөлхтөн хангалттай хэмжээний хүний нөөцийг мэдээллийн аюулгүй байдлын салбарт бүрдүүлж болно гэж мэргэжилтнүүд өөдрөг бодолтой байна. Өнөөдрийн бэрхшээл, маргаашийн шийдэл болдог зарчимаар энэ чиглэлд хүмүүс анхаарлаа хандуулж эхэлсэн тул амжилт их бага хэмжээгээр ирэх нь дамжиггүй юм.

Энэ сарын 23-24нд зохион байгуулагдах Кибер аюулгүй байдалд эмэгтэйчүүдийн оролцоо – Women in Cybersecurity чуулганы танилцуулга болоод илтгэлүүдийг энд дарж сонирхоорой.

Эх сурвалж: www.bizjournals.com, www.govtech.com

 

 

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

ЗОЧИД

  • 69Энэ нийтлэлд :
  • 118369Нийт зочилсон:
  • 66Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: