ОХУ-ын криптографийн үүсэл хөгжлийн тухай

  1. Орос орон дахь криптографийн үүсэл

Эртний орос оронд ны үед буюу 1530-1584 онд анхны мэргэжлийн түвшний криптографи үүсжээ. 1549 онд гадаад харилцааг хариуцаж байсан элчингийн газар анхны криптографийн албыг байгуулж байв. Энэ үеийн криптографчид тухайн үеийн хэллэгээр  <<цагаан толгой>>, <<цифр>>, <<цифир>>, эсвэл <<шифр>> (хожим нь ингэж нэрлэдэг болсон) боловсруулдаг байв. Анхандаа тэдгээр криптографчид энгийн орлуулгын арга бүхий шифр боловсруулдаг байжээ. Нэгдүгээр Петр (1672-1725) хааны үед улс орны бүх нууц мэдээг криптографийн тусламжтайгаар хамгаалдаг байсан. 1700-аад оноос элчингийн дэргэдэх цифирийн (тухайн үеийн хэллэгээр шифр гэсэн үг юм) хэсэг гэж нэрлэгдсэн нэгж шифр зохиох, шифрлэлт, шифрийг тайлах гэсэн ажлуудыг хийж байсан ажээ. Криптографийн алба нь тухайн үед улсын канцлер Гаврийла Иванович Головкина болон Дэд Канцлер Петр Павлович Шафирова нарын байнгын болон шууд удирдлага доор ажиллаж байв. Криптографийн үйл ажиллагаа, бусад орноос  олзлон авсан нууц мэдээлэл зэргийг улсын Канцлер болон дэд Канцлерт тайлагнаж байжээ. Дараа нь  гадаад харилцааны албанд нууцлал, зохицуулалтыг хийдэг болсон байна. Энэ үед хэрэглэдэг шифр нь энгийн орлуулгын аргыг ашиглаж байв. Уг арга нь цагаан толгойн үсэг бүрийг өөр тэмдэгт, үсэг, үсгийн нэгдэл зэргээр орлуулан ашигладаг. Үүнээс гадна хоосон зай тэмдэгтийг дүрслэхгүй, байнга хэрэглэгддэг үгэнд тусгай тэмдэглэлээр тэмдэглэх гэх мэт зүйлээр баяжуулж байсан. Үүнд зориулагдсан толь бичгийг <<Суплемент>> гэж нэрлэж байв. Зарим шифрийг нэгдүгээр Петр хаан өөрөө зохиож байв. Түүнд идэвхтэй ашигладаг 6 тусгай шифрийн дэвтэр байсан гэдэг. Тэр ихэвчлэн Францын шифрүүдийг ашиглаж байжээ.

2. Хар өрөө

Оросын шифрийн алба Дэд канцлерын удирдлаганд ажилласан хэвээр байв. Харин 1725 оноос А.И Остерман үүнийг өөрчлөв. (1686-1747) (1920-1930 оны хооронд оросын хаант улсын гадаад бодлогыг удирдаж байсан хүн гэж түүхэнд үлдсэн. Тэрбээр Герман, Франц, Латин, болон Итали хэлүүдийг маш өндөрт түвшинд эзэмшсэн, төрийн дээд тушаалын олон албыг зэрэг хашдаг байжээ) Тухайн үед шифр дан ганц цагаан толгойн үсгээр биш, үсгийн хослолоор кодчилогддог болов. Шифр тэмдэглэгээний үүргийг зөвхөн цифр гүйцэтгэж эхэлсэн үе. 1742 онд Елизавет Петрийн (1709-1761) хаанчлалын үед нууц мэдээг тайлах алба байгуулагдан ажиллав. “Хар өрөө” гэх нууц өрөөнд бүх том мэдээг хүлээн авч, тайлах, шифрлэх үйл ажиллагаануудыг явуулдаг болов.  Энэ үед мэдээг тайлах гэдэг нь амаргүй ажил байжээ. Хар өрөөнд тус тусын чиг үүрэг бүхий нэлээд баг байгуулагдав. Тэдгээрийн 1 дүгээр баг нь захиаг тайлах, хэвлэх, 2 дугаар баг нь захиаг утсаар оёх, 3 дугаар баг нь захианы агуулгыг хуулж бичих, 4 баг нь орчуулах, 5 дугаар хэсэг нь анализ хийдэг байв. Энэ үйл ажиллагааг чанд нууцалж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж байжээ. Харин Европд энэ төрлийн зохион байгуулалт бүхий үйл ажиллагаа зуун жилийн өмнө эхэлсэн байв. Орос орон  1742 онд  мэргэжлийн криптографич гэсэн тусгай албан тушаалыг бий болгов. Анхны мэргэжлийн криптографичаар математикч Христиан Гольдбах тодров. Тэр нэлээд хэдэн Францын шифрийг тайлж байжээ.  Үүний дараагаар Ф.Эпинүс болон И. Тауберт гэх математикчид криптографч болсон байдаг.

3. 19 зууны эхний хагас

19 зууны эхэн үед криптографийн чиглэлийн бүх ажиллагааг Гадаад харилцааны яамд ( 1802 онд анх гадаад харилцааны яам гэж үүсэж байв) хамааруулж, улсын канцлер шууд удирдлагаар ханган ажиллуулдаг болов. Тэр үед Улсын ерөнхий нарийн бичгийн дарга К.В.Нессельродоор канцлераар ажиллаж байжээ. (хожимоо гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан).

Тухайн үеийн тус албаны гаргаж байсан  гол амжилтанд Наполеоны байлдааны арга ажиллагааны нууц мэдээг тайлсан үйл явдал ордог. Тухайн үед оросын эрх баригчид Наполеоны бодол санааг урьдчилж мэдэх нь дайнд ялахад хамгийн том зэвсэг гэж үзсэн тул шифрийг нь олж авахад гол анхаарлаа хандуулсан байдаг. Ингэж олзолсон шифр мэдээг тайлсанаараа Напольены армийг ялж 1892 оны эх орны дайны юугаар ч үнэлэгдэхгүй чухал үйл явдал болж байжээ. Энэ үйл явдлыг батлах нэгэн харилцан яриа түүхэнд тэмдэглэн үлдсэн байдгийг сийрүүлбэл:

(Нэгдүгээр Александр болон Напольены армын 1 корпусын командлагч Маршал Макдональд нар)

“Александр-I : Танай императорын бодол санааг мэдэж байсан нь бидэнд маш их тус боллоо.

Маршал Макдональд : Энэ бол үнэхээр гутамшигтай явдал. Магадгүй хэн нэгэн танд түлхүүрийг нь өгч байсан байх гэж би бодож байна.

Александр-I : Би  амлаж байна. Тийм зүйл огт болоогүй. Бид нар танай шифрт криптоанализ хийж тайлсан юм. … ” гэсэн байдаг.

Оросын нэрт эрдэмтэн Павел Львович Шиллинг (1786-1837)- ийн криптографид оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Тэрээр  электрон техникч мэргэжилтэй бөгөөд анхны электрон цахилгаан соронзонг зохиож, криптографийг ихэд сонирхон хэл шинжлэлийн үүднээс япон хятад хэл дээрх гар бичвэрүүдийг цуглуулдаг, шатар маш сайн тоголдог нэгэн байжээ. Түүний криптографийн салбарт оруулсан гавьяаг онц чухал нууц гэж үзэж удаан хугацаанд нууцалж байсан. Тэр биграм (2 үсэг нийлснээр биграм үүснэ) ашиглаж шифрлэх аргыг зохиосон бөгөөд орлуулгын шифрийн статистик холбоог нь тооцоолж тайлах аргыг нээсэн байдаг. Харин түүний зохион биграмын хувьд статистик холбоог гаргаж ирэхэд төвөгтэй, ялангуяа өөр хоорондоо хол орших 2 үсгээр биграм үүсгэсэн бол статистик холбоог нь тооцоолох бараг боломжгүй байжээ. Хожим түүний гавьяаг үнэлж хөрөг зургийг нь марк дээр гаргаж мөнхжүүлсэн байдаг.

4. 19 дүгээр зууны 2 дугаар хагас

Орос оронд дотоод хэргийн яам болон цэргийн дотоод яам гэж 2 яам үүсэв. Ингэснээр шифр, криптографийн хэрэглээ улам өргөжиж байв. Шифрийг хэрэглэх хүрээ, зориулалтаас нь хамаарч сонгодог шифрлэлтийн аргыг бий болгов. Цэргийн, төрийн, энгийн (сангийн яам г.м ашигладаг), тагнуулын хэрэгцээнд ашиглах шифр гэж төрөлжүүлж байжээ. Энэ үед П.Л Шиллингийн зохиосон олон утгатай орлуулгын аргын шифрийг өргөнөөр ашиглаж байв. Тухайн үед <<шифр>>, <<түлхүүр>> гэх ойлголтууд адилхан утгатай байсан. Мэдээг шифрлэх зарчим, алгоритмыг түлхүүр гэж ойлгож байсан байна. Түлхүүрийг мэдэх нь тухайн криптосистемийг эвдэхтэй адилхан байв. Харин энэ байдал 20 зуунд өөрчлөгдөж дан ганц түлхүүрийг мэдсэнээр тухайн криптосистемийг бүхэлд нь эвдэж чадахгүй болсон бөгөөд түлхүүр задарсан тохиолдолд тухайн түлхүүрийг өөр түлхүүрээр солиж ашиглахад л хангалттай болж аюулгүй байдал сайжирсан.

Шифрийн хороо нь тухайн шифрийг ашиглах хугацааг тодорхойлдог байсан бөгөөд дунджаар 1 шифрийг 3 аас 5 жил орчим ашигладаг байв. Шифр ашиглахтай зэрэгцэн маш том алдаануудыг ч гаргасан байдаг. Жишээлбэл биграмм шифрийн түлхүүр №356-г 25 жил шууданд ашигласан байна. Түлхүүрийг 1869 онд зүүн зүгийн консульд ашиглаж эхэлсэн ба 1888 онд Бээжингийн нууц ажиллагаагаар түлхүүрийг олзолж авч байжээ. Энэ шифрлэлтийг түлхүүр алдагдсаныг мэдсэн дариуд л ашиглалтаас гаргасан боловч Амстердам, Гааг, Берн, Женев, Стокгольм гэх мэт хотууд дахь шифрийн цэгүүд энэ түлхүүрийг ашигласан хэвээр байжээ. Харин шифрийн албаны даргын хэд хэдэн удаагийн шаардлагаар түлхүүр №356 –г эдгээр газрууд ахин ашиглаагүй байна.

Оросын шифрийн алба тухайн үед мэргэжлийн өндөр төвшинд үйл ажиллагаа явуулж байсан гэж үздэг. Шифрийн албаны ажилтан асан С.Майский “Гадаадын дипломат албаны мэдээ бараг бүхэлдээ оросын шифрийн мэргэжилтнүүдийн гарт ордог байсан” гэж дурсаж байжээ.  Энэ үед хар өрөөний үйл ажиллагаа дэлхийн бүх оронд явагдаж байсан ба хамгийн ардчилсан гэгддэг Америкт хүртэл ийм төрлийн үйл ажиллагаа явагдаж байсан. Хар өрөөний үйл ажиллагаа Оросд, ялангуяа Петроградад хамгийн сайн ажиллаж байсан гэж үздэг. Харин энэ байдал Гуравдугаар Александр төр удирдах явцад суларч ирсэн бөгөөд тэрээр хар өрөөнөөс ирүүлсэн мэдээг огт уншиж байгаагүй байна. Тэр бусдын мэдээг мэдэх нь надад хэрэггүй гэж үзэж байсан цорын ганц хаан байжээ. 19 зууны 2 дугаар хагаст цэргийн шифр ихэвчлэн толь бичгийн түлхүүр ашигладаг болсон ба тухайн толь бичиг нь том хэмжээгүй байсан ба 1000 орчин үгтэй байсан. Үг бүрт харгалзуулж кодчилох 3 эсвэл 4 оронтой тоо бөгөөд тухайн шифрлэх үгийг харгалзах кодоор (тоогоор) орлуулах гэсэн ганц л алхамтай шифрлэлт ашиглаж байсан. Ийм аргачлалыг хангалттай урт хугацаанд ашиглав. Харин түлхүүрийг тогтмол хугацаанд сольж ашиглаж байжээ.

1889 онд оросын криптографийн албаны ажилтан В.И Кришов (1865-1942) Францын Парис хотын элчин сайдын яаманд ажилтнаар очив. Гэвч жирийн 1 ажилтан биш байв. Тэр Парисын хар өрөөний техник хэрэгсэл үйл ажиллагааг судлах зорилготой байжээ. Кришов Францын мэргэжилтнүүдтэй хамтарч Япон, Англи, Германи шифрийг тайлж байсан ба оросын тэргүүн эгнээнд орох криптографчийн нэг. Парисын хар өрөө нь Петербургын хар өрөөтэй ижил төстэй, нууц хэсэг нь тусдаа байшинд байрладаг байжээ. Тэрхүү нууц өрөөнд нэвтрэхийн тулд 3 дахь өрөөнд байгаа шкафийг хэрхэн онгойлгодог аргыг мэддэг байх шаардлагатайгаар зохион байгуулагдсан байв. Энэ шкафаар ороход өөрөө автоматаар хаагддаг бөгөөд Парисын дипломат мэдээ бүхэн энэ өрөөгөөр дамжиж шифрлэгддэг байв. Оросын шифрийн албыг хөгжүүлэх, шифрийн арга техникийг шинэчлэхэд хийсэн ажлыг нь үнэлж түүнд Гэгээн Владимирын 4-р зэргийн одонг  П.А Стольшинагын гараас авах боломж тохиож байжээ.  Владимир Иванович Кришовыг байнга л янз бүрийн улсын нууцын зэрэглэлтэй хуралдаанд урьж авчирдаг байжээ.

5. Дэлхийн 1 дүгээр дайн

Оросын криптографийн албаны бэлтгэл тааруу байсан үе байв. Тухайн үед Оросын армид найдвартай цахилгаан холбооны шугам сүлжээ байхгүй тул тасаг, хэсэг, төв хоорондын харилцаа холбоог радио сүлжээгээр явуулж байсан. Радио сүлжээнд ямар ч шифрлэгч, нууцлагч багаж суурилагдаагүй байжээ. Өөрөөр хэлбэл тэд мэдээгээ илээр дамжуулдаг байсан. Германы зүүн фронтын удирдагч М.Гофман хэлэхдээ “Бидэнд дайны тактик боловсруулах, дайн хийх үйл явцыг маш хялбарчилж байсан шалтгаан нь тэдний мэдээлэл дамжуулах арга барил муу байсантай шууд холбоотой ” гэж байжээ. Австрийн Тагнуулын газрын дарга М.Ронге хэлэхдээ “Оросын техник хэрэгсэл үнэхээр муу төвшинд байсан. Бид үнэ өртөг хямд, хялбар аргачлаар тэдний мэдээллийг замаас нь сонсох төхөөрөмж хийж байв. Тэдний ашиглаж буйтай адил долгион хүлээн авагч хийгээд л тэдний яриаг хялбархан сонсож байсан юм” гэж яриж байжээ. 1914 онд болсон Зүүн-Пруссын дайны ажиллагаанд Самсонов ба Ренненкамын 2 арми бэлэн байдал орж, Германы цэргийн зарим хүчийг тогтоон барих, Германы Францруу довтлох хүчийг тасалдуулах ёстой байв.  Гэвч тийм зүйл болсонгүй. Цэргийн шифрийн алдаанаас болж Самсоновагын арми Мазурскын арал дээр бут цохигдов. Ренненкамын арми шинэ шифр ашиглаж байсан бөгөөд харин Самсоновын арми хуучин шифрээ ашиглаж байсан юм. Иймээс тэдний хоорондох мэдээлэл ил радио холбоогоор дамжих болов. Үүнээс гадна Самсоновын арми цахилгаан утасны нөөцгүй болсон бөгөөд ард иргэдийн утасыг авч ашиглах  үе ч гарч байжээ. Төвөөс ирж байсан цаг үеийн холбодолтой армийн шилжилт хөдөлгөөн, отолтонд орох гэх мэт тушаалууд Самсоновын армид ирж чадахгүй байсан байна. Түүний арми бүслэлтэд орсон бөгөөд тэд эрэлхэгээр тулалдан ялагджээ. Уг нь Ренненкамын арми тэдэнд туслахаар ирэх ёстой байсан ч мэдээллийг ил дамжуулсаны балгаар саатах шалтгаантай тулгарсан ажээ. Зарим шинжээчид энэ бол эх орноосоо урвасан явдал гэж тодорхойлсон байдаг.

1914 оны 9 сард Оросын арми шифр холбоогоор хангагдаж чадав. Гэвч энэ шифрлэлтийг Австро-Венгерийн арми 5 хоногийн дотор эвдсэн байна. Үүний гол шалтгаан нь Оросын хаант улсын армийн шифрлэлт үнэхээр доод төвшинд байсантай холбоотой юм. Дайснууд нь тэдний мэдээг хялбархан уншиж, тайлсан мэдээ дээрээ дүн шинжилгээ хийн шийдвэр гаргадаг болсон байв. Үүнээс үүдэн оросын арми ерөнхийдөө ялагдал хүлээж байжээ. Тэд нэмж шифр тайлах тасаг бий болгох хэрэгтэй болсоноо ухааран шифр тайлах зорилготой тасгийг бий болгож, улмаар үйл ажиллагаанд нь нэмэлтээр радиостанц тодорхойлох багаж бий болгох, бусад улсын шифр мэдээг олзлох гэх мэт үүргийг өгсөн байна. Гэвч тэдэнд техник хэрэгсэл боловсон хүчин хангалттай байсангүй. Гэхдээ тэд үргэлж ийм байгаагүй бөгөөд дайн эхлэхээс өмнө олон ололт амжилтыг гаргасан байдаг.

Дэлхийн нэгдүгээр дайны өмнө шифрийн албаны гаргаж байсан зарим ололт амжилтуудаас дурдвал: тэд (Австри, Германи, Болгар, Итали, Турк гэх мэт улсын ) мэдээг тайлж чаддаг болов. Австро-Венгер, Герман зэрэг улсууд цахилгаан холбоог ашигладаг болсон нь Оросын шифрийн алба тэдний мэдээг олзлох, тайлах боломжийг бий болгосон юм. Шинэхэн үүсгэсэн, шифр тайлах зорилготой тасаг Германы тэнгисийн цэргийн шифрийг хурдан хугацаанд тайлж эхлэв. Ингэснээр тэд тэнгисийн цэргийхэнд ирж байсан мэдээ, тушаалуудыг олзолж уншиж байв. Магдебург гэх Германы цэргийн усан онгоц живж байх үед онгоцны дарга нь кодын номыг устгаж чадаагүй тул тэдний кодын номыг олзолж авсан байна.Үүнийгээ Оросын тал мэдэгдүүлэхгүйн тулд усан онгоцны захирагчийн амийг хороож оронд нь Германаар чөлөөтэй ярьдаг, онгоцны захирагчтай адилхан төрхтэй хүнийг ашиглан хуурамч кодын номыг шатаалган эсрэг талд бүрэн итгүүлж чадсан бөгөөд Германы сонинд хүртэл тус кодын номыг шатаасан болгож нийтлэл хэвлүүлж байжээ. Ингэж өнгөлөн далдалсны үр дүнд германчууд сэжиг аваагүй бөгөөд кодын номоо ч солиогүй байна. Улмаар оросууд германы шифр мэдээг чөлөөтэй уншдаг болов. Оросууд германчуудаас олж авсан мэдээллийг ганцаараа ашиглалгүй өөрийн холбоотон англичуудад өгч байсан юм. Үүнийг Уинстон Черчиль ийм мэдээ хүлээн авдаг болсоныг юугаар ч үнэлэшгүй үнэт зүйл гэж тодорхойлж байв. Англичууд ч оросын энэ бэлгийг идэвхтэй ашиглаж байжээ. Оросууд германы үнэтэй мэдээллүүдийг зөвхөн тайлж уншаад зогсохгүй тэдний удирдагчдийн өмнөөс хуурамч мэдээг армиуд руу нь илгээдэг болсон. Үүний үр дүнд Генерал Шпеен армийг Англичууд хойд Америкийн далайд хүйс тэмтэрсэн жишээтэй.

6. Глеб Бокий ба Зөвлөлтийн криптографийн эхлэл

1921 оны 5 сарын 5-ны өдөр криптографийн үйл ажиллагаа явуулдаг тусгай тасаг үүсэв. Уг тасаг нь Улс төрийн намын товчоонд шууд харьяалагдаж, зөвлөлтийн хэмжээнд шифр харилцааг хянан зохицуулах үүрэгтэй бөгөөд үйл ажиллагааны өндөр түвшний нууцлалтай байв. Анхны даргаар нь В.И. Лениний шадар туслах, сайн найз гэгдэх Глеб Бокийг томилсон. Г.Бокий 16 жилийн турш тус тасгийн даргаар ажилласан бөгөөд оросын криптографийн хөгжлийг дэлхийд тэргүүлэх төвшинд хүргэхэд хамгийн их хувь нэмрээ оруулсан хүнээр нэрлэгддэг. Тусгай тасгийн анхны амжилт нь 1921 онд германы дипломат кодыг эвдсэн явдал байв. Иймээс тэд 1921-1933 онуудад зөвлөлтөд байсан германы консулийн газар, германы төв штабын хооронд дамжуулагдаж байсан бүх дипломат мэдээг уншиж байжээ. Түүнчлэн Бокийн тасаг 1921 онд туркийн холбооны шугамын нууцлал, 1924 онд Польшийн Москва, Парис, Лондон, Вашингтон болон Токио зэрэг газруудтай харилцдаг нууц холбоог эвдэж замаас нь мэдээллийг нь уншдаг болов. Үүгээр зогсохгүй 1930 онд АНУ-ын зарим холбооны шугамын нууцлалыг эвдэж мэдээллийг нь олзолж уншдаг болсон байна. Тэд ингэж мэдээллийг олзолж, тайлж уншихын зэрэгцээ өөрсдийн шифр багаж, арга хэрэгслийг сайжруулах ажлыг давхар хийдэг байв. Гялалзсан амжилттай явсан криптографийн тасгийн дарга Г.Бокий 1937 онд улсын маш нууц шийдвэрийг задалсан хэргээр буудуулж үхсэн байдаг. Энэ хүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл Оросын аюулаас хамгаалах хороонд хүртэл байдаггүй нь түүхчдын сонирхолыг татдаг.

7. Аугаа их эх орны дайны үеийн нууц холбоо:

Анхны нууц цахилгаан холбоо 1927-1928 онд бий болж 6 ширхэг цахилгаан утсыг (телефон аппaрат) хил хамгаалах цэгүүдэд олгов. 1930 он гэхэд нууц холбоог 7 байгууллага ашигладаг болов. Мөн онд анхны хот хоорондын ( Москва-Ленинград, Москва-Харьков) өндөр давтамжийн холбоо бий болжээ. Энэ холбоо нь шифрлэлтийн ямар нэг техник хэрэгсэл ашиглаагүй, энгийн холбоо байсан. Харин 1936 онд <<Красная Заря>> хэмээх үйлдвэрт утасны яриаг шифрлэгч анхны автомат төхөөрөмжийг зохион бүтээсэн нь аугаа их эх орны дайны турш  холбооны нууцлалыг хангах багаж, техникийн эхлэл болсон. Оросууд дайны үер цахилгаан холбооны яриа шифрлэгч маш олон төхөөрөмжийг амжилттай ашигласан байдаг.

1941 он гэхэд зөвлөлт 116 ширхэг цэргийн холбооны станц, 39  дамжуулагчтай болсон бөгөөд үүнийг нь намын хороо болон улс төрийн удирдах албан тушаалын 720 гаруй хүн хэрэглэж байсан байна.

8. Нууц цахилгаан утасны холбоо :

1939 онд Октябрын хувьсгалд оролцож цэрэг ч болж үзсэн математикийн ухааны эрдэмтэн В.А.Котельниковд (1908-2005) ярианы сигналыг шифрлэгч багаж зохион бүтээх улсын нууц даалгавар оноогдов. Тэрээр анх удаагаа мэдээлэлд гамма тэмдэгт нэмж, цахилгаан утасны нууцлалыг бий болгох үндэслэлийг гаргажээ. В.А.Котельников давтамжийн хэлбэлзэл болон түр зуурын хэсэгчилсэн байдлын байрыг нь солих зэрэг аргыг ашиглан ярианы давтамж хувиргах аргачлыг бүтээв. Энэ аргачлалыг үндэслэж цахилгаан утасны яриа нууцлагч С-1 багажийг бүтээж армийн хэрэгцээнд ашиглах болсон. 1942 онд С-1 багажийг сайжруулан <<Соболь-П>> загварыг гаргаж авсан нь тухайн үеийн хамгийн өндөр түвшний нууцлалтай багаж болсон байна. Нууцлалын зэрэг хамгийн өндөр мэдээ мэдээллийг энэ багажаар шифлэдэг байжээ. <<Соболь-П>> цахилгаан холбооны мэдээлэл нууцлагч багаж Курскийн байлдаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг. В.А.Котельников хожим нь ярианы сигналыг багасгаж хумиснаар хувиргалт хийхэд хялбар, үр дүнтэй болохын зэрэгцээ аюулгүй байдлын түвшин нэмэгдэж буйг олж тогтоосон бөгөөд яриаг 10 дахин багасгаж нууцлалыг сайжруулсан багажийг бүтээсэн байна. Түүний энэхүү гавьяаг үнэлж Сталиний 1 дүгээр зэргийн одонгоор шагнаж байжээ.

Гитлер мэдээлэл нууцлагчийн ач холбогдлыг үнэлэн “Зөвлөлтийн армийн шифрлэгч багажийг эвдэх нь 3 шигшмэл дивизийг устгасантай дүйцэхүүц амжилт хэмээн” өөрсдийн криптографичдаа мэдэгдэж байсан гэдэг.

9. Зөвлөлтийн шифр машины тухай:

Дэлхийн хоёрдугаар дайны шифр техник хэрэсэл нь германы инженер Артура Шербуисын зохион бүтээсэн Энигма (1918) гэх том төлөөлөгчөөр төсөөлөгддөг. 1926 оноос эхлэн энэ шифр машиныг германы тусгай алба, батлан хамгаалах хүчнийхэн ашиглаж эхэлсэн. Гитлер төрийн эрхийг авснаар Энигма шифр машины хэрэгцээ улам бүр нэмэгдэж иржээ. Зарим шинжээчдийн дүгнэсэнээр Германы арми дайны харилцаа холбоонд ашиглах зорилгоор 100.000 ширхэг шифр машиныг үйлдвэрлэсэн гэдэг. Харин дайны үед энигмагаар шифрлэсэн нууц мэдээг Англи, Орос, Америк зэрэг орнууд тайлж чадсан байдаг.

Энигмаг эвдэх зориулалттай анхны математик төхөөрөмжийг Польшийн Позьнанскын их сургуулийн төгсөгч М.Раевск, Г.Зыгалск, Е.Розицк нар зохион бүтээв. Энэ тухай өгүүлсэн баримтад кино хүртэл гарсан байна. Энэхүү польш эрдэмтдийн бүтээлийг дайны холбоотон англичууд ашиглаж, өргөн хүрээний <<Ультра>> хэмээх ажиллагааг  зохион байгуулж, Кодын номыг олох, тайлах зорилготой байсан ба үүнд нэлээдгүй анхаарал хандуулсны эцэст амжилттай тайлах аргыг олжээ. Улмаар германд их хэмжээний хохирол үлдээсэн гэдгээр түүхэнд үлджээ

10.Оросын шифр машины тухай:

Гитлер зөвлөлтийн шифр машин, шифрчидийг олзлох зорилготой хэд хэдэн нууц ажиллагааг зохион байгуулж байсан боловч нэг нь ч амжилт олоогүй юм. Тэрээр энэ байдалд их бухимдаж “Хараал идсэн зөвлөлтийн шифр машиныг авч ирсэн хэнийг ч хамаагүй Берлин рүү буцааж, одон медалаар шагнаж, тэнд нь ажлаар хангаж, дайны дараа Крымд амьдруулна” хэмээн амлаж байсан удаатай. Түүнчлэн германчууд оросын шифр машинаар шифрлэгдсэн мэдээг олзолсон хэдий ч тайлж чадаагүй гэдэг.  Иймээс 1942 оноос оросын шифр мэдээг олзлох ажиллагаагаа зогсоосон байдаг.

Зөвлөлтийн шифрийн албаны зохион бүтээсэн шифр машины ачаар оросууд стратегийн чухал мэдээнүүдээ нууцалж чадаж байсан нь тус албаны хувьд хамгийн том амжилт байсан. Энэ талаар А.М Василевский (Зөвлөлт орос улсын Төв штабын дарга Маршал)  “Зөвлөлтийн шифрчдийн ачаар бид нэг ч дайнд өөрийн нууц мэдээллийг алдаагүй”. Г.К Жуков (Жанжин штабын  даргын орлогч, Маршал) “Шифрчид сайн ажилласны хүчинд бид нэлээдгүй хэдэн тулаанд ялалт байгуулсан” гэж тус тус мэдэгдэж байсан удаатай.

 

11. Дайны дараах үе:

Энэ үед холбогдох крипрографийн талаарх мэдээлэл түүхэнд маш бага тэмдэглэн үлдсэн байдаг. 1929 оны 9 дүгээр сарын 1 нээс эхлэн зөвлөлтийнхөн цэргийн криптографичдыг бэлтгэдэг болов. Тусгай тасаг үүссэн үеээс эхлээд дайн дуусах хүртэл криптографийн суурьшмал сургууль гэж байсангүй, зөвхөн богино хэмжээний дамжаа, сургалт л байв. Харин тухайн үед Ленинград дахь В.В. Куйвышевагын нэрэмжит цэргийн инженерийн академид криптографийн үндэс гэх хичээл заадаг болов.

Тусгай тасаг 1933 онд <<Шифр ба түүний хэрэглээ>>, 1929 онд <<Шифрлэлт ба шифрийг тайлах>> гэсэн сурах бичгүүдийг бэлтгэн гаргав. Мөн 1951 онд 737 хуудастай <<Криптографийн танилцуулга>> гэх криптологитой холбоотой бүх сэдвийг багтаасан сурах бичигтэй болсон байна. 1946 оны эхэн үед Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэдэх криптографийн нууц ангийг Москвагийн их сургуулийн Математик- Механикийн факультетийг түшиглэн нээв. 1949 оны 10 сарын 19-нд Тусгай албаны шийдвэрээр Криптографийн их сургууль бий болгов. Энэ нь криптографийн мэргэжил олгодог анхны дээд сургууль болсон юм. Харин уг сургууль 1992 онд мэдээлэл зүй, холбоо, криптографийн анги (ИКСИ) болж өөрчлөгдсөн. 1940-өөд оноос эхлэн криптографи маш хүнд математик тооцоолол дээр суурилах болов. Жишээлбэл: Магадлалын онол, математик статистикийн онолд тулгуурлаж ил бичвэрт дүгнэлт хийх боломжтой болсон.

Ерөнхийдөө оросын дайны дараах үеийн криптографийн хөгжил дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадахуйц хэмжээнд хүрсэн байсан. Бусад оронтой харьцуулбал оросын тусгай алба криптографи, шифр боловсруулалт, тэдгээрийн талаарх судалгааг бүх талаар хийж, криптографийн техник хэрэгсэл ажилчдын нууцыг өндөр төвшинд хангаж ажиллаж байжээ. Гэхдээ бүх зүйл тийм дардан байсан уу гэвэл “үгүй”. 1940-өөс 1980 оны 10 сарын 1 хүртэл АНУ-ын сөрөх тагнуулчид  оросын шифр систем <<Venona>>-ийг тайлах зорилготой төслийг хэрэгжүүлж хэд хэдэн нууц мэдээллийг амжилттай тайлсан байдаг. Тухайн төсөл нь  1995 онд дэлхий нийтэд АНУ энэ тухай нууцыг ил болгож байв. Оросууд зөвлөлт засаг нуран унах хүртэл криптографи болон түүнтэй холбоотой бусад үг хэллэгийг ил нийтлэл, мэдээнд ашигладаггүй байжээ. Тэд ихэнх криптографийн ном, сурах бичиг, шифрийн холбогдолтой эд зүйлсийг одоо ч нууцалдаг нь дээрх зарчимтай холбоотой.

12. Орчин үе:

1980 оноос эхэлж криптографи гэх шинжлэх ухааны салбарыг зөвхөн тусгай албаны хэрэгцээнд бус олон нийтийн дунд нээлттэйгээр хөгжүүлж эхлэв. Олон тооны авьяаслаг, залуу криптографчдыг бэлтгэж, тэдний санаа олон шинэ бүтээлийг төрүүлэв.

1970-1980 онд <<ГОСТ 28147-89>> гэх блок шифрийн стандартыг боловсруулж 1990 оныг хүртэл ашиглаж байжээ. Харин үүнийг 1994 онд нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд  танилцуулсан.

1991 онд ерөнхийлөгчийн дэргэдэх засгийн газрын мэдээлэлзүй ба холбооны товчоог үүсгэн байгуулсан.  2003 онд уг товчоог татан буулгасан.

1992 онд криптографийн академийг үүсгэн байгуулав. Энэ академи нь улсын чухал, нууц даалгавар гүйцэтгэх, үндэсний аюулгүй байдлыг криптографийн аргаар хамгаалах үүрэгтэй байгууллага  байсан.

1990-2000 онд энгийн ард иргэдэд зориулсан криптографийн сургууль нээн ажиллуулж байжээ.

1997 онд Е.Касперски өөрийн нэртэй мэдээллийн аюулгүй байдлыг хангах, дүн шинжилгээ хийх зорилготой лабораторийг  хамтран зүтгэгчидтэй (хэсэг програмист, криптографич)-гээ нийлж байгуулав.   Е.Касперский нь 1987 оны Тусгай албаны криптографийн их сургуулийн төгсөгч юм. Тэрбээр 1991 онд хэд хэдэн програмист, криптографичдыг ахлаж Antivirus KASPERSKY гэх программыг зохион бүтээсэн нь одоо ч дэлхий нийтэд сайн гэсэн тодотголтой вирусны эсрэг програм хангамж болсон юм. Е.Касперский 2012 онд Forbes сэтгүүлээс гаргасан дэлхийн нөлөө бүхий 100 эрхэмийн 40-д эрэмблэгдэж  байжээ. Мөн 2012 онд АНУ-ын WIRED гэх сэтгүүлээс түүнийг дэлхийн 15 аюултай хүний 8 дугаарт багтсан. Түүнийг оросын тусгай албатай хамтарч ажилдаг гэж үзэх улс орнууд байдаг ч, өнөөдрийг хүртэл энэ талаар баттай баримт нотолгоо олоогүй.

1999 онд Оросын криптографийн нийгэмлэг үүсгэн байгуулагдав.

2003 онд Холбооны хамгаалалтын албаны дэргэд тусгай сүлжээ ба холбооны алба нээгдэв. (Оросын тусгай холбоог хариуцдаг байгуулага)

2010 онд Шифр ГОСТ(Оросын тусгай албаны зохиосон тусгай хэрэгцээнд ашигладаг шифр систем) ISO олон улсын байгууллагуудын дунд зохион байгуулагдсан  дэлхийн шифрийн стандартын шалгаруултад оролцов.

2011 онд ОХУ-д Электрон гарын үсгийн хууль батлагдав.

2013 онд РУС-КРИПТО ба SIBECRYPT гэх анхны чуулга уулзалт болов. (Бүх Оросын криптографич, математикчдын дунд зохион байгуулагддаг шинжлэх ухааны чуулга уулзалт. Энэ чиглэлээр хичээллэдэг эрдэмтэд, судлаачдын бүтээлийг таниулах, хөгжүүлэх төрөөс дэмжих зорилготой)

Эх сурвалж: https://cyberleninka.ru/article/v/ob-istorii-kriptografii-v-rossii

 

Биткойны өрсөлдөгчид

Биткойны өрсөлдөгчид

 Биткойны гялалзсан их амжилтын дараагаар түүнтэй төстэй олон төрлийн крипто мөнгө хаа…

Зууны нууцууд – “Нууц дайн” баримтат кино.

Энэ киног өнөөг хүртэл дэлхийн хамгийн нууцлагдмал сэдвийг олон нийтэд танилцуулж байснаар…

Криптографийн шинэ амжилт

Криптографийн шинэ амжилт

EPFL (Францын Компьютер, харилцаа холбооны шинжлэх ухааны сургууль- IC school гэж нэрлэнэ)…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 67Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: