М.Цоодолсүрэн гуайн дурсамжаас…

Хүний хувь тавилан гэж сонин юм. М.Цоодолсүрэн гуай өдгөө 70 шахаж явна бөгөөд хүний амьдралд тэр бүр таараад байдаггүй содон сонин учрал тохиолуудыг туулжээ. Өдгөө тэрээр Налайхын цаахна Шар хоолойн аманд амьдарч хааяахан хотод ирж хүнсээ базааж, ажил төрлөө амжуулаад буцах үеэр нь М.Цоодолсүрэн гуайтай уулзлаа.

 

 

 

-Таныг их олон ажил хийж байсан гэж сонссон юм. Ямар мэргэжилтэй хүн бэ?

-Цахилгаанчин, Ус цаг уурын институт гэж байхад локатарын засварын анхны ахлах техникч, дулааны механик…, ….1988 онд байх аа, хүдэр гэдэг амьтныг Монголд анх удаа гаршуулан тэжээх юм болов. Тэнд очиж ажилласан.

-Хаана?

-Гачууртаас хойш Шар хоолойн эх Бугатын аманд очсон. Одоо хүртэл тэндээ байна.

-Тэнд юу хийж байсан юм бэ?

-Хүдэрчин болсон. …Хүдэр бол зэрлэг догшин ч гэсэн их аймхай, их цочно, түүнээсээ болж юм мөргөж гэмтэх нь элбэг. Багахан шиг цочоож байгаад тусгай мяндсан тор модонд бэхэлж түүндээ шахаж оруулаад унтуулдаг тариа хийгээд барьдаг юм. …

-Хүдэр хэр амархан хүнд дасдаг амьтан бэ?

-Хэцүү шүү, амархан дасахгүй. Хоёр гурван жилийн л дараа дэргэдээс ирж хоол иддэг болдог юм….

-Хүдэр их хэцүү төрдөг гэдэг…

… Хонь ямаа шиг газар малтаж байгаад төрнө. Ер нь тааз багатай, том зулзага гаргадаг амьтан. Зарим нь төрж чадахгүй энддэг байсан тал бий.

-Та аль нутаг юм?

-Би Өвөрхангайн Богд сумынх. Говийн хүн. Нутгаасаа 1984 онд гарсан.

-Та хаана цэргийн алба хаасан юм бэ. Ингэж асуухын учир таныг тагнуулд явж байсан гэж сонссон юм л даа…

…Хилийн 12 дугаар отрядын долдугаар заставт алба хааж байхад Хятадад Соёлын хувьсгал болж их л хатуу байсан цаг даа. Цэрэгт байхдаа даалгавар авч пароль хүргэх гэж урагшаа хил давж байсан юм. Пароль гэж холбооны танилцах нэр юм даа. Хятадад байгаа манай нууц ажилтнуудад холбооны нууц дохиог амьд хэлээр хүргэх даалгавар биелүүлсэн гэх үү дээ.

-Хил даваад хэр гүнзгий явсан юм бэ?

-Эхлээд Орос цэргийн ангид очиж зургаан сар бэлтгэл хийгээд хил давсан. 300 гаруй км газар морьтой, явган янз бүрээр л явж нөгөө хүмүүстээ паролиудаа өгөөд буцаж ирсэн.

-Ганцаараа л явсан уу?

-Тэгсэн. Ямар ч зэвсэггүй, шөнө л голдуу явна. Би 20-той л байсан. Өдөр ч бас явна. Тусгай маршрутын дагуу л явах ёстой. Түүнийг зөрчиж болохгүй. Жаахан ч гэсэн зөрөх юм бол буруудна. “Ийшээ харсан эрэг байгаа, тэнд очиж унаагаа соль” гэх мэтээр маршрутад бүгдийг нь нэг нэгдгүй заагаад өгсөн байсан. Заасан газар нь очиход морь, хоол унд бэлдээд орхичихсон, хэн ч байдаггүй байлаа. Тэнд нь хооллож, унаагаа сэлгээд л явна. Бүгдийг нь бэлдээд зохион байгуулчихсан байна. Зорьсон газраа очоод тусгай нөгөө хүмүүстэйгээ уулзаж, юу нь мэдэгдэхгүй баахан үг, тоо, үсэг өгсөн.

-Амаараа дамжуулсан юм уу?

-Цээжлээд амаараа дамжуулсан. Ямар ч бичиг цаасгүй явсан. Тэгж л хил давж үзсэн юм. Тэгэхэд одоогийн Эрээн чинь Эрлээн хот гээд дээвэр дээр нь зэрлэг ургасан хэдхэн шавар тагз л байсан. Тэрүүгээр дайрч явсан юм. Түүнээс хойш дахин үзээгүй.

-Та хил даваад явж байхдаа айж байв уу?

-Айлгүй яахав. … Шөнө томхон бутнаас хүртэл айж явлаа. Намайг явахад капсултай майк л өгсөн. Өөр зэвсэг, бичиг баримт юу ч үгүй л гарч байгаа юм чинь.

Капсултай майк гэдэг нь юу вэ?

-Хэрэв баригдаад болохоо байвал майкныхаа хоёр товчийг нийлүүлэхэд л дэлбэрнэ, юу ч үлдэхгүй. Тийм зориулалттай хувцас юм билээ. Тэгж явснаасаа болоод миний зүрх муудсан. Дан эмнэлгээр явсан. Цэргээс халагдахдаа ч эмнэлэгт байсан хүн.

-Яагаад зүрх өвдсөн гэж…

-Байнгын айдас, сэтгэлийн дарамтаас л болсон байх. Ирсэн хойноо нойргүй олон шөнө хоносон. Зүрх өвдөхийн зэрэгцээ толгойтой үс бүгд халцарч унасан даа. Хил даваад л айдас түгшүүр нөмөрдөг юм билээ. Хэн л намайг буудчих бол, баригдчих болов уу гэсэн байнгын айдастай явж байсан. Байдал бишдээд ирвэл амь үрэгдэж ч мэдэх учраас хүн чинь айдаг юм билээ.

-Гурван жил алба хаагаад л цэргээс халагдсан уу?

-Тэгсэн. Намайг улирах уу л гэж байсан. Би нутаг буцъя гээд л явсан.

-Таныг эргээд ирэхэд яаж хүлээж авсан бэ?

-Би чинь буцаж ирэхдээ өөрийгөө том шагнуулах байх гэж бодож байлаа. Онц хилчин болж, нутгийн чөлөө өгөх байх гэсэн юм бодож байсан. Гэтэл намайг шууд баривчлаад цэргээр харгалзуулж вагонд суулгаад хот руу явуулсан. Хотод ирэхэд шууд л Ганц худагт хийчихсэн. “хэнд хаана нууц код аваачиж өгсөн. Дайсанд мэдээ задруулсан” гэж байцаана. Тэгтэл арав гаруй хоноод суллах шийд гарсан байсан. Яасан гэхээр, арав гаруй хоногийн дараагаас миний аваачиж өгсөн нууц пароль нь ажиллаж эхлэх ёстой байж. Тэр ажиллаад эхлэхээр миний буруу зүйл хийгээгүй нь батлагдаад шоронгоос гаргасан юм билээ.

Дараа нь Дорноговь аймгийн Сулинхээрийн зочид буудалд нэг сар амраасан. Надаас өөр хүн буудалд буулгахгүй, ганцааранг маань сар тэнд амраасан. Тэгээд хуучин алба хааж байсан застав руу дахиж явуулалгүй, өөр заставт хуваарилсан. Тэндээсээ халагдсан. Халагдахад арван жилийн дотор энэ тухайгаа бусдад ярих юм бол төрийн нууц задалсан хэргээр дээд хэмжээгээр шийтгэнэ гээд гарын үсэг зуруулж авсан. Үүрэг гүйцэтгээд ирсний дараа “Хүү чинь албаа сайн хааж байгаа, үүргээ маш сайн гүйцэтгэсэн” гэсэн захиаг манай аав ээжид ангиас явуулсан байсан.

-Та 10 жил энэ тухайгаа хэнд ч яриагүй юу?

-Үгүй. Ер нь юу ч ярих билээ. Айхтар гавьяа байгуулаад хүнд сайн юм хийсэн биш, золиг.

-Ер нь таныг яагаад сонгосон юм бол…

-Газар сайн мэддэг, моринд сайн болохоор л намайг сонгож бэлтгэсэн байх. Тэр үед Дорноговьд зуйгуул адуу элбэг учраас тэднээс барьж номхруулж хэрэглэдэг байсан нь адуу малд гайгүй гэсэн үнэлгээ авсан байх. Сүүлд орос цэргийн ангид очиход 20-иод цэрэг ирсэн байснаас дөрвийг шалгаруулж авсны нэг нь би юм.

-Та хил гараад хэдэн өдөр явсан юм бэ?

-Арав гаруй хоног явсан. Өдөрт нь нуугдах ёстой газраа бүгж байгаад голдуу шөнө л явдаг байлаа.

-Одоо таны зүрх гайгүй юу?

-Гайгүй ээ. Тухайн үед л айхтар өвдөж байсан юм. Би ч харин азтай өвдсөн юм шүү. Эхлээд Сайншандад, дараа нь цэргийн госпитальд ирж хэвтсэн. Тэр үеэр халагдах тушаал ирж нэгдүгээр эмнэлэгт шилждэг юм байна. Зүрх судасны Дондог гэж эмч яг миний өвчнөөр докторын зэрэг хамгаалах гэж байж таарч. Эмнэлгээс гарахад тэр эмч намайг 40 мянгатад гэртээ аваачиж хэвтүүлж, өдөр болгон л үзнэ, хэмжинэ… Шатаар өгсгөж, буулгаад чагнана. Тэгээд л эм өгнө. Тэнд л намайг зүгээр болгосон доо. Эрүүл болоод онгоцоор нутагтаа буцаж байлаа. Шоронд орсон маань үс унах, зүрх муудахад их нөлөөлсөн гэж би боддог юм. Шөнө юм юм л бодогдоно. Урд явж байснаа, байцаалт өгснөө бодоод нойр хүрдэггүй байлаа. Гармаар санагдаад, гарахаар ормоор болоод нэг газраа ч сууж чадахгүй болсон. Арга барагдаад л байдаг, юу нь болохгүй байгаа юм мэдэхгүй, тийм болсон.

-Ийм шоокноос та хэзээ гарсан бэ?

-Нутагтаа ирээд таван жилийн дараанаас л мартагддаг юм билээ. Хоёр жил гэртээ сууж, нутгийнхаа рашаанд орсон. Гурав дахь жилээс нь үс ургаад эхэлсэн дээ….

Эх сурвалж: Medee.mn сайтаас

ФАЙЛ БАРЬЦААЛАГЧ ВИРУС ZEROLOCKER

ФАЙЛ БАРЬЦААЛАГЧ ВИРУС ZEROLOCKER

Саяхан баригдаад буй GameOver Zeus botnet-ийн үүсгэсэн энэ жилийн эхээр шуугиан тариад…

ЗӨВЛӨЛТИЙН ТАГНУУЛЫН ШИФР /1-р хэсэг/

ЗӨВЛӨЛТИЙН ТАГНУУЛЫН ШИФР /1-р хэсэг/

Марк, Вик болон таван цент 1953 оны 7 дугаар сарын 22-ны Даваа…

КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ-3

КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ-3

      КОМПЬЮТЕРИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТҮҮХ  цувралынхаа энэ удаагийн нийтлэлээр XX зууны эхэн…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 159Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: