“Операция Ультра” номын хэсгээс…

Барууны орнуудад дэлхийн II дайны жилүүдийн тагнуулын албаны ажиллагааны тухай номнууд сүүлийн үед нэлээд гарлаа. Зарим нь супер тагнуулын хачин сонин адал явдлыг, зарим нь дайсны мэдээллийг цуглуулах, боловсруулах системд хийсэн дүгнэлтийг, нөгөө хэсэг нь тагнуулын мэдээг яаж ашигласан тухай, мөн тагнуулын техник хэрэгслийн тухай бичиж байлаа.

Өнөөдөр цэргийн хэрэгт, түүний дотор тагнуулын зорилгод шинжлэх ухаан, техникийн ололтыг ашигласан тухай нийтлэлүүд илүү сонирхол татаж байгаа нь зүйн хэрэг билээ. Барууны орнуудад энэ сэдвээр хэвлэгдсэн номын тоонд 1973 онд Парист хэвлэгдсэн, Францын радио-тагнуулын удирдагч асан генерал Г.Бертрены Энигмаг 1939-45 оны дайны хамгийн том оньсого номыг оруулж болно.

Зохиогч номондоо немцийн шифр яаж тайлагдсан тухай, энэ амжилт нь Гитлерийн

булаан эзлэгчдийн эсрэг дайнд ямар үүрэг гүйцэтгэсэн тухай бичжээ.

Энигма гэдэг бол цахилгаан шифрийн машины нэр юм. Үүнийг радиогоор дамжуулах нууц тушаал, илтгэл, бусад мэдээг шифрлэхэд Вермахтын дээд ерөнхий командлал, цагдаагийн төв аппарат СД, СС-ийн албууд ашиглаж байсан.

Дамжиж байгаа мэдээ тайлагдахгүй гэдэгт Гитлерчүүд бүрэн итгэж байв.Гэвч энэ итгэл балран унаж байлаа.

Бүх дэлхийн II дайны өмнө Польш, Францын эрдэмтэд, мэргэжилтнүүдийн хамт чармайлтаар Энигма машины нууц тайлагджээ.

Энэ хүнд асуудлыг шийдвэрлэхэд гол үүргийг Польшийн мэргэжилтнүүд гүйцэтгэж, францчууд тагнуулуудынхаа тусламжаар шаардагдах баримт, материалыг Берлинээс олж өгч тусалсан гэж генерал Бертран номондоо бичжээ. Бертран хэрэв Польшийн криптографын тухай ярих юм бол бүх алдар хүнд, нэр төрийг тэд л хүртэх естой гэжээ. Бертраны энэ дүгнэлтийг бодит баримтууд, түүний дотор тайлагдсан материалууд баталсан юм.

Польшд гарсан нийтлэлүүдэд, түүний дотор Варшавт хэвлэгдсэн В.Козачукийн “Нууцын төлөө тэмцэл”, “Польш, рейхийн тагнуулын алба” 1922-1939 он, мөн зохиогчийн 1975 оны Польш журналын № 6,7-д хэвлэгдсэн III рейхийн нууцын түлхүүр нэртэй нийтлэлд “Энигма”-гийн нууцыг тайлсан тухай нэмэлт мэдээ бий.

Козачук бичихдээ: 1939 оны 1 сард Польшид “Энигма” –гийн нууцыг тайлж, 1939 оны IX сар хүртэл немцийн машины шифрийг тайлах ажил үргэлжилсэн. Дайн эхлэхээс хэдхэн долоо хоногийн өмнө Польш улс өөрийхөө энэ амжилтыг холбоотон болох франц, англитай хуваалцсан юм.

1939 оны YII сарын 23-25-ны өдрүүдэд Польшийн жанжин штаб, францын жанжин штабын төлөөлөгч, Бертран, Бракгнье, мөн Английн жанжин штабын төлөөлөгч Элестер Деннистон, Нокс нарт Польшийн криптограф зохион бүтээгчдийн хийсэн “Энигма” машины шифр тайлах арга, тооцоолон бодох машины эхний хувилбар болох “Криптографын бөмбөг” гэж нэрлэгдсэн шифр тайлах ажлыг автоматжуулсан хэрэгслийн баримт бичиг тус бүрийг шилжүүлэн өгчээ.

Гитлерийн Герман Польшид халдсаны дараахан Польшийн криптографууд Францруу дүрвэсэн гэж Козачук бичжээ.

1939 оны намар Парисын ойролцоо Гре- Арменвийд “Энигма”-гийн шифрийг тайлах “Бруно” гэдэг нэртэй Польш, Францын төв байгуулагдсан юм. Энэ төвд Гитлерчүүдэд эзлэгдсэн Польшоос зугтсан Польшийн жанжин штабын криптографчууд, шифр тайлах мэргэжилтнүүд, мөн Франц мэргэжилтнүүд ажиллаж байв. Блечли дахь шифр тайлах Английн төвтэй байнгын холбоотой байсан. Британийн шифрийн албаны төлөөлөгч хошууч Макмаллан энэ төвд томилолтоор ажиллаж байв.

1939 оны IX сараас 1940 оны IY сар хүртлэх хугацаанд энэ төв 1500 ширхэг немцийн үйл ажиллагааны тушаал, нууц мэдээ, захирамжийг тайлсан байна. Дайсны цэргийн бүлэглэл, байрлал, хөдөлгөөнийг Францын удирдлага урьдчилан мэдэж байв.

Франц, Польш зохиогчдын бичсэнээр “Энигма” машины нууцын тухай түүх ийм байна.

Уншигчдад толилуулж байгаа “Ультра операци” гэдэг Ф.Уинтерботэмын номд немцийн машины шифрийг тайлсан тухай асуудал хөндөгджээ. Гэхдээ энэ зохиогч Бертрен, Козачук нарын номонд бичигдсэн үйл явдлыг хөндөөгүй, харин “Энигма” машины нууц ангилчуудын чармайлтаар тайлагдсан гэдэг английнхний тайлбарыг бичжээ. Уинтерботэмын номд Польш Францын мэргэжилтнүүд туслах үүрэг гүйцтгэсэн гэжээ.

Дайны үед Уинтерботэм “Ультра” системийн нууц хадгалалт, аюулгүй байдлыг хариуцаж байсан учир энэ номдоо “Энигма” машины нууц тайлах техникийн талаар зөвхөн хэсэгчилэн бичсэн ба харин Барууны холбоотнууд гитлерийн германы эсрэг энэ амжилтыг яаж хэргэлэсэн тухайд анхаарлаа хандуулжээ.

Уинтеротэм өөрийн тэмдэглэл, дурдатгалдаа үндэслэн “Ультра” нэртэй Англичуудын бүтээсэн шифр тайлах машинаар гитлерийн төв дээд ерөнхий командлалын ямар нууцыг мэдэж байсан тухай нэлээд сонирхолтой, дэлгэрэнгүй, үнэн зөв бичсэн байдаг. Ультра систем бүх дайны турш хөгжиж, улам боловсронгуй болж иржээ.

Лондоны орчим Блечлид засгийн газрын код шифрийн сургуулийн дэргэд шифр тайлах тусгай төв байгуулагдан, дэлхийн бөмбөрцгийн янз бүрийн хэсэгт “Энигма”-гийн мэдээг унших цэгүүд, холбооны тусгай салбаруудыг барьж, “Ультра” системийн нууц, түүний ажиллагааг хангах бүх арга хэмжээнүүдийг боловсруулжээ.

1940 оны IY сарын сүүлээс гитлерийн төв, Вермахтын дээд штабуудаас командлагчдад, командлагчдаас төвд илгээсэн радио-граммууд олзлогдон, холбоотнуудаар тайлагдан Англи Америкийн удирдлага Черчилль, Рузвельт нарт болон байлдааны ажиллагааны театрын цэргийн командлагчдад, мөн хатуу жагсаалтын дагуу бусад хүнд илтгэгдэж байлаа.

Гитлерчүүд “Энигма”-г Японд өгсөн байсан учир Номхон далайн район алс Дорнодод ч “Ультра” системийг Америкийн командлал ашиглаж байв. Гэхдээ 1942 онд немцийн дурын кодыг хэдхэн минутад л тайлах “Колосс” гэдэг “ЭТБМ”-ыг Англид бүтээсэн юм. Ингэж бүх дайны турш Вермахтын командлал, мөн Японы цэргийн командлал “Гэнэтийн цохилт” гэсэн том хүчин зүйлийг оновчтой ашиглах бололцоогоо бараг бүр мөсөн алдсан юм.

“Ультра” системийн тусламжтайгаар олж авсан дайсны тухай үнэн зөв мэдээ нь Англи, Америкийн удирдлагад операци төлөвлөх, явуулахад хөнгөлөлт үзүүлж, асар их ашиг өгчээ.

Олзлон авсан шифрграммын агуулга, түүнийг Америкийн командлал немцийн фашист цэргийн эсрэг явуулах байлдааныг Уинтерботэм бүрэн мэдэж байжээ.

Энэ номд Франц дахь байлдааны ажиллагаа Дюнкеркийн районоос Английн цэргийн зайлах хөдөлгөөн “Английн төлөө” тэмцлийн явж хойт Африк Италид болсон тулалдаан, Оверлод операцийн бэлтгэл ажиллагаа, түүний биелэлт Баруун европ ба Норманд дахь тулалдаан, далайд хийсэн дайны явц зэрэгт “Ультра” системийн ачаар хүлээн авсан мэдээ ямар үүрэг гүйцэтгэснийг баталгаатайгаар тодорхой үзүүлжээ.

Европын байлдааны ажиллагаан дахь барууны холбоотнуудын дээд ерөнхий командлагч Америкийн генерал Эйзенхуар “Ультра” системийг Холбоотны ялалтын шийдвэрлэх хүчин зүйл гэж нэрлэсэн юм. Уинтерботэмийн энэ номын оршилд их Британийн нисэх хүчний маршал Слессор “Ультра” системийн тухай бичжээ:

“Холбоотны стратеги заримдаа бүр тактикт үлгэрийн юм шиг нөлөө” үзүүлсэн “Тагнуулын мэдээний хачин үнэтэй эх булаг” гэж тэмдэглэжээ.

Нууц хадгалахыг хатуу анхааруулах арга хэмжээ авсан онцгой тохиолдолд немцийн командлал Англи Америкийн цэрэгт түр хугацааны эсэргүүцэл үзүүлж, сөрөг давшилт хийж чадаж байв. Ингэж азгүйтэхэд “Ультра”, 2 дугаар сарын 20-нд явагдсан Кессерины орчим Роммелийн цэргийн сөрөг давшилтын тухай ямарч мэдээ өгч чадаагүй гэж Уинтерботэм бичсэн байна. Үүний үр дүнд Брелийн цэрэг “хамар руугаа аймшигт цохилт” авсан. Ийм явдал бас Арденнед давтагдсан юм. Немцийн цэргийн сөрөг цохилт гэнэт хийгдсэн учир Америкчуудын ч бас хүнд хохиролд хүргэсэн юм.

Арденнед Англи, Америкийн цэргийн байдал ямар хүнд байсныг дэлхийн 2- р дайны түүхийн баримт гэрчилж байна. Жишээ нь:

“ Баруунд маш хүнд тулалдаан болж байна. Дээд ерөнхий командлалаас ямарч цагт чухал шийдвэр гаргах хэрэг гарч болох нь. Та байлдааны санаачилга түр алдсаны дараа, их өргөн фронт хамгаалах үед байдал ямар түгшүүртэй байдгийг өөрийнхөө туршлагаас мэдэж байгаа. Таны юу хийх гэж байгааг ерөнхийд нь ч гэсэн генерал Эйзенхауэр мэдэх хэрэгтэй байна.

Энэ нь түүний болон манай бүх чухал шийдвэрт тусгагдах юм… I дүгээр сард Вислийн фронтод, аль эсвэл өөр газар Оросын том давшилтыг бид хүлээж болохыг болон өөр тохиолдлуудыг та мэдэгдэх юм бол би танд их баярлах болно” гэжээ.

Гитлерийн эсрэг холбоотны өмнө ЗХУ өөрийн үүргээ үнэнчээр гүйцэтгэсэн юм. Энэ нь Англи, Америкийн эрэгт маш том тусламж болсон байна.

Давшилт эхэлснээс 5 хоногийн дараа Черчилль Сталинд бичихдээ: “Зүүн фронтод таны эхэлсэн аугаа их давшилтыг тохиолдуулан засгийн газрын өмнөөс болон сэтгэл зүрхнээсээ танд талархал дэвшүүлж , баяр хүргэхийг хүсч байна” гэжээ.

“Ультра операци” гэдэг номонд өөр фронт дээрх байлдааны явцад Зөвлөлт Германы фронтын байлдааны ажиллагаа шийдэрлэх нөлөө үзүүлсэн гэдгийг тойруугаар хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн байна.

Уинтерботэмийн ном хэвлэгдэж барууны орнуудад нэг янзын шуугиан дэгдээж, цэргийн олон мэргэжилтнүүдийн анхаарлыг татлаа. Америк, Англи , бусад томоохон орнуудын цэргийн сэтгүүлүүдэд энэ номны талаар шүүмж бичигдлээ. Шүүмж бичигт “Ультра “ систем немцийн штабын нууцад нэвтэрч, АНУ, Английн зэвсэгт хүчний явуулсан байлдааны ажиллагааны амжилтанд маш их хувь нэмэр оруулсан гэдэг саналууд бичжээ.

1975 оны 5- р сард Америкийн “Милитерн релью” сэтгүүлд бичихдээ: “Олзлогдсон тагнуулын мэдээг зохих ёсоор ашиглавал Их Британи түүний холбооны цэргийн /АНУ/ ялалтанд их тусламж үзүүлж байв. Энэ мэдээг авч хэрэглээгүй бол/ Италийн кампанит ажиллагаа ба Анциогийн дэргэд/ холбоотнуудад том үнээр ялалт олдох байв. Зарим үед ялагдалд ч хүрч байсан юм. Немцүүд зохих анхаарал тавьж мэдээг нууцалсан буюу шифрийн тагнуулын мэдээ хүлээн аваагүй үед холбоотны цэрэгт золгүй явдал тохиолдож байв. ”Энегма” -гийн нууцыг тайлсан явдал тагнуулын фантастик ололт юм гэж 1975 оны 8 дугаар сард Америкийн “ Эр форс мэгэзийн” сэтгүүлийн редакторын туслах Уильям Шлитц шүүмжиндээ бичсэн байна.

Шинжлэх ухааны туслалцаа “Ультра”- гийн эхлэл

… Миний өрөөнөөс хоёр давхрын доор улсын шифр, кодын сургуулийн криптографикчид суудаг байлаа. Тэдэнд би шифр нь тайлагдсан радио мэдээнд гарах онгоцны нэр, нисэхийн нэр томъёог тайлбарлан өгдөг байсан юм. Өөрийн нууц ажилдаа биеэ зориулсан өндөр мэдлэгтэй хүмүүсээс бүрдэх энэ грүппийг Элестер Деннистон толгойлдог байв.

Энэ хүн бол дэлхийн нэгдүгээр дайны үеийн Адмиралтействын 40 дүгээр өрөөний эхний криптографикчдын нэг нь юм. Нуруугаар намхан ч мэдлэгээр өндөр, дуу цөөнтэй , намбатай, тавиад насны энэ хүн тус байгууллагыг зохион байгуулсан байна.

Түүний ярианаас дайсны шифрийг тайлах нь ямар их бололцоо олгож болохыг би ойлгож эхэллээ. Тэр надад хоёр дайны хоорондох жилүүдийн амжилт, дутагдлуудын тухай, ирээдүйн их бололцоо найдварын тухай, мөн миний дараагийн ажилд их тус болсон нэгэн зүйл: тэр үед хамгийн найдвартай жинхэнэ шифр бол нэг удаа ашиглах шифр байсан тухай ярьдаг юм.

Деннистон надад радио мэдээг шифрлэх олон аргууд байдаг, ихэнхдээ тэд зөвхөн явуулагч, хүлээн авагч нарт байдаг тоотой дэвтрийг ашиглах үндсэн дээр шифрлэдгийг тайлбарласан. Мэдээж, мөн шифрийн машиныг туршиж үзэж байлаа.

Одоо хүртэл үг, өгүүлбэрийн ард тохирох тоотой тусгай кодын дэвтрийг байгууллага бүр ашигладаг байна. Ингэхэд “захирагч” гэдэг үгэнд 5473 тоо, “дивиз явна” гэдэгт 0842, “Даваа гаригт” гэдэг үгэнд 4593 тоо тус тус харгалзана. Кодын энэ дэвтрийг гээж үрэгдүүлэх, хулгайд алдах, явсаар байтал мэдээж энэ тоо нь нийтэд ил болдог учир ихэнхийг нь маш нууц гэж тооцдоггүй.

Радиограммыг нууцлахын тулд зөвхөн явуулагч, хүлээн авагч нарт байдаг тоонуудыг нэмж өгөх хэрэгтэй. Ингэж гарч ирсэн тоонуудыг гурав дахь тал тайлж чадахгүй.

Явуулагч, хүлээн авагч нарт байдаг хуудас бүр дээрээ дөрвөн оронтой дурын тоон багануудыг хэвлэсэн тасалдаг блокнот хэрэглэх нь хамгийн аюулгүй арга юм.

Радио мэдээ явуулагч радио мэдээний эхний группэд мэдээ эхлэх хуудас, багана, мөрийг заана. Ингэхэд 1348 гэсэн тоо 13 дугаар хуудас, 4 дүгээр багана, 8 дугаар мөрийг заана. Хэрэв дараагийн гурван групп нь 4431, 7628, 5016 ба үүнийг дээрх тоон дээр нэмбэл мэдээ 1328, 9904, 8470, 9609 болно. Энэ нь “Захирагчид. Даваа гаригт дивиз рүү явна” гэсэн үг.

Хуудсыг хэрэглэсний дараа блокнотоос урж аван устгана. Нэг удаагийн блокнотын систем гэгдэх энэ систем тэр үед хамгийн найдвартай, шифрийн системд тооцогддог байв. Хэрэв устгагдааггүй дэвтэр хэлбэртэй шифрийн грүппүүд байвал, дайсан дэвтэрт энэ грүппүүд хаана тохиолдож байгааг тогтоон, радио мэдээг уншиж чадах болно. Гай болоход дайны үед манай тэнгисийн цэргийн шифрт ийм явдал тохиолдсон юм.

Гэхдээ нэг удаагийн блокнотын арга өргөн хэмжээтэй хэрэглэхэд маш хүнд, хэт их хугацаа зардаг. Германы бүх бичгийн машин тасалдаг блокнотыг шаардагдах хэмжээгээр хэвлэхэд арай гэж хүрэлцэх байлаа.

Иймд Герман прогресс өсгөх замаар радио мэдээний үг үсгийг сольдог, ашиглахад хялбархан хурдан ажиллагаатай машины систем хэрэглэж магадгүй юм гэдгийг тааварлаж байв.

Давид Каны “Дешифровщики” номонд шифр, кодын асуудал маш сайхан бичигдсэн учир энэ талаар дэлгэрүүлэхээ больё. Гэхдээ Деннистоны ярианаас немцийн радио холбооны зохион байгуулалтын талаар бололцоотой бүхнийг мэдэх хэрэгтэй гэдэг нь тодорхой байна. Газрын шугам тавих бололцоогоор муу, холбоог маш их хэрэглэх газар нэг удаагийн шифр хэрэглэх нь хүнд учир шууд харицах найдвартай, хурдан ажиллагаатай радио холбоо зохион байгуулах нь мэдээж байлаа. Иймд европд байгаа немцүүд ямар шифрийн систем хэрэглэж байна, энэ чиглэлээр юу хийх гэж байгааг мэдэх даалгавар өгөгдсөн юм.

1938 онд Дорнод Германы нэг заводад ажиллаж байсан механикч Польш залуу тус заводод радио холбоонд зориулсан нууц машиныг үйлдвэрлэж байгааг зөв тодорхойллоо. Польш залуу маш сайн ажиглагч тул өөрийнхөө болон найз нөхдийн хийж буй эд ангиудыг тэмдэглэсэн байна. Маш нууц үйлдвэрүүд дээр гистапийн явуулсан шалгалтын үеэр түүний ямар үндэстэй болох нь тодорсон байх. Тэгээд түүнийг ажилаас нь халж, Польш руу илгээжээ.

Хурц ажиглалт Польшид тус болж, тэр манай хүнтэй уулзсан байна. Гестапо Польшид их идэвхтэй ажиллаж байсан учир түүнийг нууж байлаа. Энэ хугацаанд машины тухай мэдээ Лондонд хүрлээ. Энэ ажиллагаа маш нарийн байв. Манай дарга адмирал Синкляр дээрх асуудлын талаар хичнээн цөөн хүн мэднэ, төдий чинээ сайн гэж үзэж байв. Иймд тэр өөрийнхөө туслах орлогч хурандаа Стюарт Мензист даалган, энэ ажлын талаар зөвхөн байгууллагын хэлтсийн дарга нарт мэдэгдсэн юм.

Энэ үед нөгөө Польш залууг Варшаваас Польшийн тагнуулын байгууллагын тусламжтайгаар хуурамч паспортаар Парист ирүүлж, хоёрдугаар товчооны туслалцаатайгаар түүнд засварын газар гаргаж өглөө. Түүнийг харгалзаж байсан мужаантайгаа хамтран Германд үйлдвэрлэж байсан машины модон загварыг бэлдэх ажилд оруулсан юм.

Өмнөх жилүүдэд нэлээд олон шифрийн машин бүтээгдсэн ба тэдний ихэнхийн зураг, тайлбарууд манай ажилтнуудад байлаа. Энэ загвар “ Энигма” гэдэг сайжруулсан шифрийн машин юм гэдгийг тогтооход тийм ч их хугацаа орсонгүй. Польш залууд модон загварыг байгаа хэмжээгээр нь хийгээд хэрэггүй гэсэн юм. Хэдий чинээ том хэмжээтэй байвал, түүний ажиглан санаж авсан эд ангиудыг байрлуулахад төдий чинээн хялбар байв.

Ингээд загвар төгөлдөр хуурын чинээ том юм боллоо. Энэ нь шифр ажиллагааны нууцыг тайлахын тулд машин олж авах хэрэгтэй гэдэгт биднийг итгүүлсэн юм.

Парист тэр Польшийг хатуу хяналтанд байх үеэр бид Немцийн машин олж авахыг хүссэн Польш нөхөдтэй төлөвлөгөө боловсруулж эхэллээ. Бид завод хаана байрлаж байгаа, түүний нууцлалт, хангалт, мөн заводад Немц нэрээр хэдэн Польш ажиллаж байгааг олж мэдлээ. Гэхдээ польшийн тагнуулын байгууллага тэдэнд мөнгө төлж, ажил гүйцэтгүүлвэл төлөвлөгөө амжилтанд хүрэх бололцоо их байна гэж үзэж байв. Польшууд байрлал, хүмүүсийг биднээс илүү мэдэж байсан тул дуртайяа зөвшөөрсөн юм.

Деннистон өөрөө Польшруу явж, “Энигма” нэртэй цахилгаан шифрийн машиныг бүтнээр нь маш нууцаар авч ирлээ. Одоо бид энэ машиныг олон мянгаар нь үйлдвэрлэж байгаа, их хэмжээний цэргийн нууц радио-холбоо тогтооход ашиглагдана гэдгийг мэдэж авлаа.

Хэдхэн үгээр энэ машины байгууламжийг тайлбарлахад хүнд бөгөөд эргэн тойрон цагаан толгойн үсэг тавигдсан цахилгаан контакттай эргэгч дугуйнуудаар үржүүлэгдэнэ. Түүний нууцыг тайлахад сайн тоочид нэг сар түүнээс дээш хугацаа шаардагдах юм. Дугуйны харьцангуй байрлал нь мэдээж хэрэг мэдээ явуулагч ба хүлээн авагчийн чанд хадгалах түлхүүр болно.

Немцүүд өөрийхөө шифрийг маш найдвартай гэж тооцсон байв. Одоо бидний гарт жинхэнэ машин орсон байлаа.Бидний өмнө шийдвэрлээгүй асуудал тулгарлаа гэж үү? Блечли-Парк дахь хотын захын тусгай байшинд Деннистоны улсын шифр, кодын сургууль 1939 оны 8 дугаар сард нүүж ирлээ. Энд тэр машинаа ч авчирав.

Блечли дэх төв ажиллаж эхлэхээс хэдэн сарын өмнө Синкляр нас нөхцлөө. Энэ нь миний хувьд хүнд гарз байлаа. Миний олзолсон “нацистын ” мэдээг хүлээн зөвшөөрүүлэхээр энэ хүний тэр үеийн засгийн газартай тэмцэж байсан ба Интеллиженс сервисийн бүрэн бие даасан байдлыг хэвээр нь алдуулаагүй дарга нарын сүүлчийх нь байсан юм.

…. Тэр /Мензис/ бэлэн бууж өгдөгүй хүмүүсийн нэг байсан ба 1939 оны сүүлээр “ Энигма ” шифрийн машин чухал юм өгнө гэдгийг ойлгон, өөрийн байр сууриа алдахгүй гэж тэмцэж байсан юм.

…. Блечли бол бусдад анзаарагдахааргүй жижиг хотхон юм. Бид ойролцоох байрнуудад амьдарч байлаа. Улсын шифр, кодын сургуулийн ажилтануудтай хөрш байсан глюкозын заводын эзний том байшинд бид нүүж ирсэн. Бид гитлерийн сүүлийн үеийн “Энигма” машинтай болж, түүний ажиллагааг нэлээд тодорхой мэдэх бололцоотой боллоо.” Энигма” гэж эртний грекийн “оньсого” гэсэн үг юм. Энэ нэр маш зөв нэр байлаа.

Эртний их сургуулийн саарал дөрвөлжин байшинд биш харин хоёр модтой, нугаар хүрээлэгдсэн английн энгийн хотын захын байшинд шинжлэх ухааны сор, оюун ухааны арслангууд цугларлаа. Блечлид тэр үеийн гарамгай хэдэн тоочид ирлээ. Александр, Баббедэн, Милнер Барри, Гордон Уэлчмэн, эдний тухай математикийн ертөнцөд шивнэлдэж байв. Деннистон тэднийг их сургуулийн тохилог лабораториудаас нь салгаж нууц бодлого бодох машин зохиож чадна гэсэн онолыг батлахыг оролдсон манай ажилтнуудтай нийлүүлсэн юм.

…. “ Энигма”-гийн оньсогыг тайлахад Блечлийн ажилтнууд шинжлэх ухаан, электроникийг ашигласан юм. Би компьютрийн эриний хүн биш учир үүнийг ойлгох гэж чармайхгүй байна, гэхдээ намайг 1940 оны эхэн үеэр хүрэл баганууд байрлуулсан гэгээн ордонд урьсан юм.

Францын төлөө тулаан

1940 оны 4 дүгээр сарын эхээр “ Ультра ”-гийн радио мэдээ ихсэж эхэллээ. Дайны эхний өдрүүдэд …. манай юм бүрэн боловсроогүй алдаа мадагтай ажиллаж байсан юм. Аз болоход Норвегийн эрэгт унасан онгоцноос “ Энигма” машиныг ажлын түлхүүрийн бүтэн комплекцтай нь бид оллоо.

Сүүлд францын төлөө тулалдааны үеэр хэт гүнд орж ирсэн немцийн холбооны танкийн хэсгээс мөн үнэт зүйлс, 1941 оны 5 дугаар сард усан цэргийнхэн бүтэн ажлын түлхүүрүүдийн карттай “Энигма” машинтай шумбагч завь олзоллоо. Энэ бүхэн нь “Энигма” машинаар боловсруулж байсан дайсны усан болон агаарын цэргийн радио мэдээг тайлахад шууд хүргэснээр барахгүй Блечлийн эрдэмтэдэд хязгааргүй үнэтэй зүйл авчирсан юм…

Бид 1942 оны эхэн хүртэл “Ультра”-гаас их биш гэхдээ маш тогтвортой үнэн зөв мэдээ авч байлаа. Энэ үеэр туйпуун “сүмд” байрлан, маш нууц нөхцөлд ажиллах хэдэн зуун хүнээр үйлчлүүлсэн нарийн төвөгтэй шинэ “бурханы” үе эхэллээ.

Тэд “Энигма” –гийн нууцыг шинжлэх, немцийн бүх радио мэдээг ямар ч байсан тайлж байлаа…

Квант криптогарфи гэж юу вэ?

Квант криптогарфи гэж юу вэ?

Квант криптографи Үүсэл хөгжил Колумбын их сургуулийн оюутан  Стивен Визнер 1970 онд анх квант…

NSA радио давтамжийг хэрхэн ашиглаж компьютерт нэвтэрдэг вэ?

NSA радио давтамжийг хэрхэн ашиглаж компьютерт нэвтэрдэг вэ?

Холбоотой мэдээ:Квант криптографикт кибер халдлага ялагдал хүлээнэАНУ-ын тагнуулууд офлайн компьютерт ч нэвтэрдэгPLAYFAIR…

Дэлхийн нууц үгний өдөр

Дэлхийн нууц үгний өдөр

     2013 оноос эхлэн тэмдэглэх болсон энэ өдрийг аюулгүй байдлын судлаач…

САНАЛ АСУУЛГА

RSA шифр алгоритмын 1024 бит түлхүүрийн крипто тэсвэр одоо дууссан(тайлахад 2 цаг шаардана)

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 130Энэ нийтлэлд :
  • 97563Нийт зочилсон:
  • 3Өнөөдөр:
  • 0Одоо байгаа: