Богд хаант монгол улсын шифр харилцаа

Шифр гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд мэдээллийг хувиргах /нууцлах, тайлах/ систем юм. Харин мэдээллийг нууцлах аргыг судалдаг математик, компьютер, физикийн шинжлэх ухааны цогцыг орчин үед криптографи хэмээн нэрлэдэг болсон.
Криптографи гэж эртний грекээр нууц бичиг гэсэн утгатай бөгөөд эрт үедээ шифр гэсэн үгтэй адил утгаар хэрэглэгдэж байв. Шифр буюу криптографийг одоогоос 4000 жилийн өмнө эртний Египт, Вавилон, Энэтхэг, Хятад зэрэг орнуудад хэрэглэж байсан баримт байдаг. Тэр үед шифрийг цэрэг дайн, урлаг, шашины зорилгоор голдуу хэрэглэж байлаа.
Тухайлбал эмэгтэй хүний мэдэх, чадах ёстой хөгжмийн мэдлэг, ёогийн дасгал гэх мэтийн тухай эртний энэтхэгийн “камасутра” судар нь 65 бүлэгтэй байснаас эр эмийн харилцааны тухай 45-р бүлэг нь 2 төрлийн нууц шифрээр бичигдсэн байжээ.
Эртний грек, ромчууд олон төрлийн шифр арга зохион ашиглаж байснаас хамгийн алдартай нь Цезарийн шифр билээ. Харин нууц шифр тайлах аргыг анх манай эрины 800 онд арабын математикч, философич Ал-Кинди боловсруулан ном болгон гаргасан. Үүнээс хойш цэрэг дайн, тагнуулын зорилгод ашиглахаар шифрийн арга ажиллагааг улам боловсронгуй болон хөгжүүлсээр ирсэн нь дэлхийн нэг, хоёрдугаар дайн, хүйтэн дайны үед ч дайны хохирол, хугацааг багасгах, ялалтыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Өнөө үед шифр ашиглах цар хүрээ улам өргөжин цөөн хэдэн хүчний байгууллага биш улс төр, нийгэм, эдийн засаг, мэдээлэл технологийн бүхий л салбарт төрийн, байгууллагын, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хангахад ашиглагддаг зайлшгүй хэрэглээ болсон байна. Үүнд шифрийн аргаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэдэгт зөвхөн мэдээллийг нууцлах биш түүний утга агуулгад өөрчлөлт ороогүй байх, хууль бусаар хуулж олшруулахаас хамгаалах, илгээгч, хүлээн авагчийг баталгаажуулах зэргээр ойлгох бөгөөд мэдээлэл нь зураг, дуу, дүрс, авиа, долгион гээд ямар ч хэлбэрт байж болно.
Энд шифрийн бас нэг хэрэглээг сонирхуулж өгүүлэхэд эртний мартагдсан хэл, бичгийг сэргээх, бичээсүүдийг тайлж уншихад шифр тайлах ухаан /криптоанализ/-ыг ашигладаг. Тухайлбал “Linear B” хэмээх манай эриний өмнөх 1500 орчим оны үед шавар самбар дээр мартагдсан хэлээр бичигдсэн бичээс 1952 онд олсныг шифрчдийн тусламжтайгаар тайлж уншжээ. Монголчууд бид түүхэндээ хамгийн олон бичиг үсэг хэрэглэж байсан ард түмний нэгд тооцогддог бөгөөд Кидан /Хятан/ гүрний үед хэрэглэгдэж байсан киданы их, бага бичгээр бичигдсэн бичээсүүдийг өнөөг хүртэл бүрэн тайлж уншиж чадаагүй билээ. Магадгүй эдгээрийг тайлж уншихад мэргэжлийн шифрчдийн туслалцаа үгүйлэгдэж байж болох юм.
Монголын түүхэнд шифр хэрэглэж байсан баримт тун ховор бөгөөд үүнийг зайлшгүй судалж тодруулах шаардлагатай. Дэлхийн талыг эзэлж байсан монголын арми тулаанаас тулаанд өмнө эзэлсэн улс, хотынхоо шилдэг техник, технологийг аль эрт өөрийн болгон эзэмшсэн байдаг байжээ. Шифрийн онолыг хөгжүүлж аргыг эзэмшсэн хятад болон арабын улсуудыг эзэлсэн монголчууд шифрийн арга хэрэглэж байгаагүй гэхэд итгэх аргагүй.
Эрт үед монголчууд өвс, уяа зангидаж элчээр дамжуулдаг байсан тухай сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь нууцлагдсан мэдээлэл солилцож буй нэг хэлбэр гэж ойлгож болно. Мөн элчид мэдээг ёгт үгээр толгой холбон цээжлүүлэх хэлбэрээр чандлан нууцалдаг байжээ. Зарим тохиолдолд хол замд /монгол нутагт оршиж байсан улсуудын дийлэнх нь ази европыг холбосон өргөн уудам газар нутагтай байжээ/ цээжилсэн мэдээг мартуулахгүйн тулд ая оруулан дуу хэлбэрээр цээжлүүлдэг байсан байна. Үүнийг монголын түүхийн эх сурвалжуудад “элчийг дуу бариулж хэлүүлсэн нь”, “элчийг үг хэлүүлсэн нь ” гэх мэтээр бичсэн байдаг.
Энэ тухай Рашид Ад-дин бичихдээ “Монголчууд эрт цагаас элч нар нь толгой голдуу холбон шүлэглэсэн ёгт уран үгийг цээжээр хэлж дамжуулдаг заншилтай байсан” гэжээ.
Албан бичгийг цээжлүүлэх арга нь бичиг үсэг мэддэггүй байсандаа бус, харин тухайн үеийн улс орны нийгмийн үргэлжийн дайн самууны цагт нууцыг алдахгүй байх гол арга нь цээжлүүлэх явдал байв. Учир нь элчин эс урвабаас нууц үл алдагдах билээ. Түүгээр ч барахгүй бичиг бариулан явуулсан ч чухам хэлбэл зохих үг элчийн аманд бий гэж тулгар бичгүүдэд дурьдсан байдаг.
Их Юань улсын үед хааны бие болон ордонг хамгаалах шадар цэрэг, элч довтолгох асуудал хариуцсан “Нууц бичгийн яам” гэж байсан мөн тэр үеийн тухай гадны түүхчид “Монгол хаад төрийн албан хэргийг монголоор хөтлөн, төрийн нууцыг хадгалах үүднээс шинэ бичиг зохиолгож, төрийн гол албан тушаалд монгол хүмүүсийг ажиллуулж байв” гэсэн байдаг нь магадгүй монголын эзэнт гүрний үед шифр хэрэглэж байсныг нотлох сэжүүр байж болно.
Монголчууд манжийн дарлалд байх үед шифр арга хэрэглэдэг байсан тухай одоогоор олж судалсан баримт алга байна. Харин Богд хаант монгол улс байгуулагдсан үеэс эхлэн шифрийн арга хэрэгслийг өргөнөөр ашиглаж эхэлжээ.
Манай улсын үндэсний архивт хадаглагдаж байгаа бичиг баримтууд дотор Богд хаант монгол улсын гадаад яамнаас элчин сайд, төлөөлөгч нартайгаа, дотоод яам, цэргийн яамнаас орон нутаг дах сайд түшмэл нартай хоорондоо харилцаж байсан шифр мэдээ кодын ном элбэг байна. Кодын номууд нь муутуу цаасан дээр гараар хуулж бичсэн, 130-185 орчим хуудастай, 7000-9000 орчим үгтэй, үгнүүддээ 4 оронтой дараалсан тоо харгалзуулсан ба 1913-1919 оны хооронд бичигджээ. Ихэнх кодын номонд хэрхэн ашиглах тухай дэлгэрэнгүй зааврыг эхэнд нь бичсэн байв. Хавтсан дээр нь “Төмөр утасны нууц дэвтэр” эсвэл “Цахилгаан мэдээний дэвтэр, дотоод яам” гэж бичсэн байлаа.

Кодын ном

Кодын ном

Зарим кодын номын оршилд бичигдсэнээр уг кодийн номыг 20орчим хувь хувилаж тараасан бололтой байдаг. Эндээс шифр цэгийн тоог багцаалж болох юм. Номонд олон хэрэглэдэг хоршоо үгийг багцаар нь нэг тоогоор, хүний нэр, газар усны нэрийг тусад бүлэглэж оруулсан байна. Мөн оршил хэсэгт монгол цифр, араб цифр тооны харьцуулсан хүснэгт зурсан байсан нь хятад, оросын цахилгаан мэдээний газраар шифр мэдээ дамжуулахад араб цифрээр бичих шаардлагатай байсантай холбоотой бололтой. Тухайлбал Орос улсын Санкт петербүргээс ирсэн шифр мэдээ нь цахилгаан мэдээний орос бланк дээр, Бээжингээс ирсэн шифр мэдээ нь хятад үсэгтэй бланк дээр араб тоогоор бичсэн байлаа.
Шифр мэдээг дамжуулахдаа “Цахилгаан мэдээний хороон”-ы салбартай 5 газарт уг хороогоор бусад газарт элч буюу хүнээр дайж явуулдаг байжээ. Цахилгаан мэдээний хороогүй газарт явж буй шифр мэдээ нь монгол тоогоор бичэгдсэн байв.
Үндэсний архивт хадгалагдаж буй шифр мэдээнүүд дотор Богд хаанаас Санкт Петербүргт илгээсэн элчтэй, гурван улсын хэлэлцээрт оролцож буй Хиагт дахь төлөөлөгч нартай харилцсан, мөн Улиастайн сайдаас гадаад хэргийн яам, цэргийн яаманд давхар хаягласан шифр мэдээ их байлаа.
Шифр мэдээнүүд нь дотроо дөрөв эсвэл таван оронтой 2 төрөл байв. Үүний 4 оронтой шифр мэдээ нь мэдээний үгнүүдийн кодын номон дох тоог бичих /кодлох/ аргаар нууцалсан байв /энэ арга нь арай нууцлал багатай эсвэл яаралтай мэдээг нууцлахад ашиглагддаг/. Харин 5-н оронтой шифр мэдээг кодын номны дөрвөн оронтой тоон дээр санамсаргүй 5 оронтой түлхүүр тоог нэмэх юмуу хасах математик үйлдэл хэрэглэх аргаар нууцалсан шифр мэдээ болов уу гэж таамаглаж байна.

Энэ бүхнээс үзэхэд Богд хаант монгол улсын үед мэдээлэл нууцлахдаа шифрийн төрөл бүрийн аргыг өргөнөөр хэрэглэдэг байжээ.
Ингээд зогсохгүй 1925-1927 оны хооронд зохиож ашиглаж байсан кодын номын бүтэц, үгсийн сан, шифр арга нь Богд хаант монгол улсын үеийнхтэй адил төстэй байгаа нь өнөө үеийн шифрийн албыг богд хаант монгол улсын үеийн суурин дээр үүсч хөгжсөн болохыг нотолж байна.
Дээр дурдсан 1913-1919 оны кодын номнууд нь бүгд гар бичмэл тул тэдгээрийг зохиох, хувилах, тараах, шифр мэдээнүүдийг шифрлэх, тайлах, танилцуулах зэрэг ажил нь хүн хүч их шаардана. Иймд дотоод яам, гадаад яам, цэргийн яам гурвын аль нэгэнд эдгээр шифрийн ажил, хүн хүчийг хариуцсан бүтэц, нэгж харъяалагдаж байсан байж магад юм.
Богд хаант монгол улсын үед шифрийн ажил эрхлэж байсан бүтэц, нэгж, шифр цэгийн тоог олж тодорхойлох, тэнд ажилаж байсан хүмүүсийг тогтоох, түүхийн хувьд ач холбогдол бүхий зарим шифр мэдээг олж судалгааны эргэлтэнд оруулах асуудлууд тулгарч байна.
Өнөөдрийн Улсын шифрийн төв алба нь 1933 оны 2 сард улс орны хэмжээний нууц бичиг баримтын аюулгүй байдалд хяналт тавих, шифр харилцааг эрхлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдаж тухайн үеийн хилийн болон цэргийн бүх шифрчдийг мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан. 1940 онд Засгийн газрын дэргэд шифрийн товчоо байгуулагдаж аймаг бүрээс нэг хүн сонгон шифрийн тухай сургаж байжээ. Энэ үеийн шифрийн хөгжилтэй холбож дурдахад 39 онд ЗХУ-ын шифр тайлагчдын баг ирж монголд ажиллан Японы Квантуны армийн “Код 1357” шифрийн нууцыг тайлан японы нууц мэдээнүүдийг тайлж уншиж байв.
Эцэст нь дүгнэхэд шифр харилцаа нь бие даасан, тусгаар тогтносон улсад байдаг бөгөөд тухайн үндэстэн өөрсдийн гэсэн шифрийн аргатай байж байж үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлж байдаг юм байна.

Орлуулгын арга

Орлуулгын арга

Сонирхолтой криптографи /12 жилийн сурагч болон криптографи эхлэн сонирхогчдод зориулав./ Та имэйл…

Биткойны ATМ

Биткойны ATМ

Бид өмнө нь уншигчиддаа крипто мөнгөний талаар ойлголт өгөхөөр хэд хэдэн нийтлэл,…

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Өгөгдөл шифрлэх шилдэг 10 үнэгүй програм хангамж

Сүүлийн үеийн бараг бүх мэдээлэл NSA-ийн тагналт чагналт, халдлага, хакер, Эдвард Снөүдэний…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 97Энэ нийтлэлд :
  • 99679Нийт зочилсон:
  • 30Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: