АХМАД ШИФРЧИН РАДНААГИЙН ЖИГЖИДЖАВЫН ДУРСАМЖ

Би 1939 оны 12 дугаар сард 15-н настай байхдаа Сангийн Яамны Улсын Аюулаас Хамгаалах Газар дагалдан сурагчаар орж 1942 оны 11 дүгээр сар хүртэл тэнд бичээч, данс хөтлөгч, байцаагч, зааварлагчаар ажиллаж байгаад Дотоод Явдлын Яаманд шилжин ажиллах болсон юм.
1942 он бол агуу их эх орны дайны хүнд жилүүдийн нэг, бүхнийг фронтод гэдэг уриан дор ажиллаж амьдарч байсан үе байлаа. Улс орон даяар өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд байгуулагдан байлдааны бэлтгэл сургууль байнга хийдэг байв. Идэх уух юм, эд бараа ховордож цай, даалимба, улаан тамхи л гэхэд нэг нь 120-н төгрөг хүрч байсан билээ.
1942 онд дотоод явдлын яамны сайдын тушаалаар намайг тус яамны шифрийн тасагт туслах төлөөлөгчөөр томилсон юм.
Шифр холбоо бол онцгой хариуцлагатай улсын чухал алба юм. Шифрлэгч нарын ажлыг өнгөц харвал ердийн нэгэн бичиг техникийн ажлын хэлбэртэй боловч үнэн хэрэг дээрээ хүний оюун ухаан, тэсвэр хатуужил шаардсан нэн төвөгтэй ажлын нэг гэдгийг зориуд тэмдэглэхийг хүсч байна. Дайны үед шифрийн тасаг өдөр шөнөгүй 24 цагийн турш ажилтай байдаг байлаа. аймгийн хэлтэс, хилийн отряд, түүний дэргэдэх тусгай ангиуд, армийн нэгтгэл ангиудын дэргэдэх тусгай тасаг, Москва дахь Элчин сайдын Яам болон хилийн чанад дахь бусад хэд хэдэн цэгүүдтэй шууд холбоо барьдаг байсан учраас ажлын ачаалал тун их байдаг байв. Өдөр шөнөгүй тоотой ноцолдоно гэдэг тун ч амаргүй байдагсан. Зарим шифрлэгч холбоочдын дадлага туршлага хариуцлага сулаас шифр будлиантаж тасгийн ажлыг хүндрүүлдэг байж билээ. Гэвч шифрийн тасаг энэхүү хариуцлагатай албан үүргээ амжилттай биелүүлдэг байсныг тэмдэглэхэд илүүдэхгүй бизээ.
…. 1944 онд Хятадын Шинжаан мужаас дүрвэж гарсан Освааны Зэвсэгт дээрэмчид тус улсын баруун хил дээр байрлаж байв. Тэд Казакийн ард түмнийг Гоминдааны дарлалаас чөлөөлж эрх чөлөө олгох зорилготой гэж манайхаас тусламж гуйж байсан үе билээ. Хэдийгээр дайны хүнд үе байсан боловч тэдний шударга тэмцэлд тусламж үзүүлэхээр ЗХУ болон манай Засгийн Газар шийдвэрлэж энэ ажлыг зохион байгуулах зохицуулах үүрэгтэй тусгай группийг Ховдын баруун хязгаарт байгуулж, түүнийг генерал Дорж, Попов нар удирдаж байлаа.
1944 оны 7-р сард намайг Ховдод шифрлэгчээр томилж, зэвсэг, галт хэрэгсэл ачсан 40 гаруй авто машины цуваатай хамт баруун хязгаар руу явуулж билээ. 7-р сарын 5-6 ны үеэр хотоос гарахад цас орж байсан нь одоо болтол санаанаас гардаггүй юм. Ид зунаар ингэж цас орохыг би амьдралдаа анх удаа тэгэхэд үзсэн билээ. Авто машины цуваа 7 хоног явж Ховдын төвд очсон юм. Би Ховдын төвөөс морин өртөөгөөр явж хилийн застав дээр байрлаж байсан группийн штаб дээр очиход тэнд шифрлэгч байсан Гончигийн Лувсанцэрэн ихээхэн баяр хөөртэй угтан авч билээ.
Тэр үед Осваныхан хэд хэдэн жижиг зэвсэгт бүлэглэлүүд болон зохион байгуулагдаж Гоминдааны цэргүүдтэй тулалддаг байлаа. Тэдэнд хүч нэмэгдүүлэхээр манайх Баян-Өлгий Ховд аймгийн нутгийн казак, торгууд нараар бүрдсэн хоёр отрядыг байгуулж түүний нэгийг Ногоёо, нөгөөг Халхбай даргалж байв. Группийн штаб өөрийн отрядуудтай жижиг радио станцаар төвтэйгээ хүчтэй радио станцаар холбоо барьж байсан юм.
Миний тэнд очоод тун удаагүй байтал нэг өдөр генерал Дорж түүний зөвлөх генерал Попов нар Освааны нутаглаж байсан Их жаргалантын даваа уруу мориор явах болж генералын нарийн бичгийн дарга байсан Цэгмэд, холбоочин Гомбо бид нар дагалдан явав.
Освааны гэрийн гадаа майхнаа барьж тэнд хонох ёстой байв. Бидний очсон даруй Осваан биднийг гэртээ урьж гүүний айраг, хонины махаар дайлж билээ. Гэтэл үдээс хойш дарга нарыг зэвсгээ бэлэн авч сэрэмжтэй байхыг тушаасан учир бид тэр шөнө хувцасаа тайлалгүй, унталгүй өдөр болгож билээ. Хожим нь сонсоход Баян-Өлгийгөөс Шинжаан уруу оргож гараад Освааныхантай нийлсэн нутгийн зарим казакыг баривчилсаны хариуд

Освааны зарим казакууд биднийг бүсэлсэн байсаныг мэдэж энэ тухай Осваанд мэдэгдэж болиулсан юм гэдэг. Бид маргааш нь штаб дээрээ буцаж ирсэн юм.
1944 оны намар группийн штаб Булган гол уруу нүүж Майхан чулуу гэдэг газар голын хөвөөнд бургасан дотор байрласан билээ. Группийн штаб болон Освааныхны тухай энд тэр бүгдийг дурдах шаардлагагүй юм. Харин тэнд хамт ажиллаж байсан зарим нөхдөө дурсаж явдаг. Жишээлбэл: Генерал Поповын нарийн бичгийн дарга орчуулагч шифрлэгч Цывиков Ринчинов нартай хамт нэг гэрт байж билээ. Ялангуяа Цывиков гэгч туйлын даруухан, дөлгөөн зантай сайн хүн байсан юм. Тэр хоёр хоёул Зөвлөлт буриадын харъяат нар байсан юм.
1944 оны намар өвөл цас их орж зам харилцаа хаагдаж нутгийн ардуудын /тэгэхэд хувийн аж ахуйтай байсан/ мал ихээхэн үхэж билээ. Тэр жилийн зудыг манай настайчууд одоо хүртэл ярьдаг. Мичин жилийн зуднаар хүнсээр дутагдаж заримдаа турж үхсэн малын мах идэж байсан удаа бий.
Би үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаад 1945 оны 2 дугаар сард Ховдын хязгаараас Улаанбаатарт буцаж ирсэн билээ.
1945 он дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн жил байлаа. Бид фронт дахь зөвлөлтийн армийн давшилтын тухай мэдээг сонин хэвлэлээс тогтмол уншиж байв. 5 дугаар сарын эхээр нэг өдөр дайн дууссан тухай мэдээ ам дамжин тархаж баяр хөөр болж билээ.
1945 оны 8-р сарын эхээр БНМАУ-ын Засгийн Газар Японы импералистуудийн эсрэг дайн зарлав. …
Бидний хил давахад зам дагуух нутгийн ардууд дүрвэж алга болсон. Эзэнгүй гэрүүд эвдэрч хэмхэрсэн эд хогшил, зарим газар айж эмээсэн хүмүүс тааралдаж байв. Дайны хажуугаар дажин гэгчээр гэмтэй гэмгүй хүмүүс ч дайнд хэлмэгддэг байсан бололтой. Жишээ нь: Бандид гэгээний хийд дээр алагдсан 40 гаруй лам нарын хүүр шороогоор хагас дутуу булаастай байж билээ. Групп дайны хөлд нэрвэгдсэн ард олныг хэвийн байдалд оруулж засаг захиргааг шинээр байгуулан эмх журам тогтоох зэрэг бусад үүрэгт ажлаа гүйцэтгэж явсан юм.
Би Долнуур хот очсоны дараа хотын коминдатын ажилд туслалцдаг жижүүр, эргүүл хийдэг байлаа.
Долнуураас буцах үед намайг нэгэн өвөрмонгол жолоочтой Япон маркийн ачааны машин авч явахыг даалгасан юм. Би тэр машинаар буцах замдаа Яндуугийн хийдээс урагш хээр сууж нэг хоносны дараа Зөвлөлтийн цэргийн ангийн машинаар ар цагаан нуурт ирж билээ. Засварын ангиас машин явуулж нөгөө япон машинаа авчруулж засуулаад нааш гарч Улаанбаатар хүртэл саадгүй явж ирсэн билээ.
1946 онд намайг дайны үйл ажиллагаанд оролцож сайн ажилсан гэж Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны 8-р сарын 7 ны 63 дугаар тогтоолоор байлдааны медалиар, мөн тэр жил Зөвлөлт Монголын ялалтын медалуудаар шагнасан билээ. Би тэгэхэд 22 настай байлаа. Ийнхүү Төрийн шагнал хүртсэндээ хязгааргүй их баярлаж билээ.
1946 оноос 1952 он хүртэл ахлах төлөөлөгч, зохиох группийн даргаар ажиллаж байх хугацаандаа Намын төв хорооны дэрэгдэх намын шинэ хүчний дээд сургуулийг гэрээр суралцаж төгсөөд 1952 онд ЗХУ-ын Улсын аюулаас хамгаалах хорооны дэрэгдэх курсэд явж суралцаад 1954 онд төгсөн ирлээ. Бид 24 хүн төгсөж ирснээс хурандаа Мэнд, ахмад Мягмаржав, Банди нар Порт-Артурын хэргээр тус яамны аппаратаас зайлуулагдаж бусад нь төв, хөдөөд янз бүрийн албан тушаалын ажилд томилогдсон юм. Манай курсийнхнээс хошууч генерал Дэчин, Хөдөлмөрийн баатар Минжүүр, хурандаа Дагва, Агваан, Чулуунбаатар нарын зэрэг нам, улсын шилдэг кадрууд төрж гарсан юм. НАХБ-ын кадруудыг бэлтгэх ажилд орчуулагч багш байсан Равдаев, Цэдэнжонов нар ихээхэн хувь нэмэр оруулсныг энд дурдахгүй байж болохгүй биз.
Би …. 1960 оны 4-р сард тус улсаас БНАВУ-д суугаа элчин сайдын яаманд атташегаар томилогдсож … Ханай хотод очиж билээ. Тэгэхэд БНМАУ-ын хэргийг түр хамаарагчаар Н.Цэрэнцоодол ажиллаж байв. Надад протокол, консул, соёлын харилцааны асуудлыг хариуцуулав. Дипломатын ажлын мэдлэг, туршлага, гадаад хэлний бэлтгэлгүй над шиг хүнд энэ алба үнэхээр санаанд багтахгүй байж билээ. Элчин сайдын яаманд Орос хэлний орчуулагч гэж Бээжинд гадаад хэлний институдийн Орос хэлний анги төгссөн Зунь гэдэг залуу ажилладаг байсан юм. Тэр бүхий л уулзалт яриа, албан хэргийг орчуулдаг байв. Тэр үед манайхаас бэлэглэсэн цөөн тооны малыг нутаглуулах ажлыг хариуцахаар очсон манай 7 мэргэжилтэн малын эмч, зоо техникч нар ажиллаж байлаа. Удалгүй Н.Цэрэнцоодол өөрчлөгдөн элчин сайдаар Оюуны Хосбаяр томилогдон очив. Худалдааны аттешегаар Бэх-Очир нэмэгдэж элчин сайдын яам нилээд өргөжсөн юм. Элчин сайд Н.Хосбаяр БНАВУ-ын ерөнхийлөгч Хо-Ши Минд итгэмжлэгдэх жуух бичгээ барих болж бид нэг өдөр ерөнхийлөгчийн ордон уруу явлаа. Хо-Ши Мин гуай биднийг хүлээн аваад өөрийнхөө гэрт урьж билээ. Ерөнхийлөгчийн ордны дэргэд нэгэн жижиг дан байшинд Хо Ши Мин гуай амьдардаг байжээ. Тэр байшинд ердийн нэгэн айлын тавилга хэрэглэл тавиастай байсан. Ерөнхийлөгч өөрөө жижиг нөхөөс тавьсан цагаан хувцас, ердийн ажилчин хүний өмсдөг резин улавч өмссөн байв. Түүний гайхалтай энгийн байдал эелдэг харицааг бид гайхан биширч билээ. Ерөнхийлөгч Хо Ши Мин ерөнхий сайд Фан Ван Дон гадаад явдлын яамны сайд нартай зурагаа авахуулсан маань бидэнд дурсгал болон хадгалагдаж байдаг. Вьетнам орон Экваторын бүсд оршидог бөгөөд зун нь +50 градус халуун, 80-90 хувийн чийгтэй янз бүрийн хорт шавьж, шумуул ихтэй. Жишээ нь: Үхлийн хортой жаран хөлт гэдэг хорхой, малириний шумуул болон бас бус хортон шавжиуд элбэг үзэгддэг. Ийм учраас тэнд хүмүүс орон дээгүүрээ битүү тор татаж унтдаг юм. Халуун орон байгаль цаг уурын нөхцлийн хувьд сэрүүн бүсийн хүмүүст тохиромжгүй, эрүүл мэндэд муу нөлөөтэй гэдэг.
Элчин сайдын яамны ажилтан нар Америк маркийн тусгай хөргөх аппаратаар тоноглосон байранд суудаг юм.
Би тэнд ажиллаж байхдаа халуун орны хүнд өвчнөөр өвчилж олон хоног эмнэлэгт хэвтсэн билээ.
Вьетнамд ажиллаж байсан 7 мэргэжилтэн нутагтаа буцаж ирснээс хойш энэ завсар 5 нь нас барлаа. Тэд бүгд залуу хүмүүс байсан юм. Энэ бүхнээс үзэхэд халуун оронд удаан байх хортой ажээ.
Би 1961 оны эцсээр өөрийн хүсэлтээр нутагтаа буцаж ирсэн билээ.
….
Нам засаг миний ажлын өчүүхэн амжилтыг өндөр үнэлж байлдааны медалаар хоёр удаа алтан гадас одонгоор гурван удаа бусад ойн медалиудаар тус тус шагнасан билээ.
Дурсамж бичсэн: Раднаагийн Жигжиджав
1988 оны хоёрдугаар сарын 26.

Чех улсад онлайн арилжааны крипто-мөнгө буюу bitcoin хакердуулжээ

Чех улсад онлайн арилжааны крипто-мөнгө буюу bitcoin хакердуулжээ

     Чех улсад онлайн арилжаанд худалдаалагддаг дижитал мөнгөн тэмдэгт хакеруудын халдлагад өртсөн…

ЗӨВЛӨЛТИЙН ТАГНУУЛЫН ШИФР /1-р хэсэг/

ЗӨВЛӨЛТИЙН ТАГНУУЛЫН ШИФР /1-р хэсэг/

Марк, Вик болон таван цент 1953 оны 7 дугаар сарын 22-ны Даваа…

Өнөөг хүртэл тайлагдаагүй алдартай шифрүүд

Өнөөг хүртэл тайлагдаагүй алдартай шифрүүд

Цаг хугацаа, технологи, шинжлэх ухааны дэвшлээс хамааран аливаа нууц бичвэрүүд өгүүлж байсан…

САНАЛ АСУУЛГА

Таны бодлоор ямар төрлийн криптографи крипто-тэсвэр сайтай байдаг вэ?

Үр дүн харах

Loading ... Loading ...

СҮҮЛД НЭМЭГДСЭН

Зочин

  • 73Энэ нийтлэлд :
  • 102100Нийт зочилсон:
  • 42Өнөөдөр:
  • 1Одоо байгаа: